Хүйтний улирал хаяанд ирж нийслэлчүүд уртын харайлтаас шилжиж пингвин алхаандаа орох цаг ойртов. Жил бүрийн л өвөл замын халтиргаа гулгаатай холбоотой асуудал хэл ам дагуулсаар ирсэн. Уржнан жилийн өвөл зам дээр давс биш хужир цацсан гэх асуудал дэгдэж байсан бол, өнгөрсөн жилийн тухайд давс, хайрга алийг нь ч цацахгүй байна гэх гомдлууд хөврөж байв.
Маргааш буюу лхагва гаргаас эхлэн орон даяар эрс хүйтэрч, цас орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж буй. Тэгвэл бид энэ жилийн өвөл зам дээрээ ямар нэг асуудалтай нүүр тулахгүй байх тал дээр анхаарлаа хандуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд давс хайргаа эртхэн бэлдэх шаардлагатайг сануулах нь зүй биз.
Одоогийн байдлаар СБД-ийн худалдан авах ажиллагааны газраас хамгийн өндөр буюу 500 сая төгрөгийн тендер зарлаж, сонгон шалгаруулалт хаагдсан байна. Тус шалгаруулалтад гурван газар үнийн саналаа хүргүүлжээ.
БЗД-ийн тухайд 231 сая 600 мянган төгрөгийн давсны тендер зарласан байгаа бол, СХД 110 сая төгрөгийн өртөг бүхий давсны тендер зарласан байна.