Ирэх сарын нэгнээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө өдөрт 1000 төгрөгөөр нэмэгдэнэ. Энэхүү нэмэгдлийг эцэг эхчүүдээс гаргахаар болсон юм. Энэ талаар Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгаас тодрууллаа. "Бид нар хүүхдүүдээ цэцэрлэгт явуулчихаад цатгаж чадахгүй байна. Хүүхдүүд хагас цатгалан байна. Авах ёстой шим тэжээлийн 50 хувийг авж байна. Багад нь өлсгөлөн байлгавал бие бялдар оюун ухаан , сэтгэл санааны хувьд хортой. Иймээс хоолны мөнгө нэмье гэж байгаа.
Гэхдээ төрд мөнгө байхгүй байгаагаас эцэг эхчүүдээс 10 дугаар сарын нэгнээс эхлэн түүхий эдийн зардал болгож өдөрт 1000 авъя гэж байгаа юм. Ингэснээр өдрийн хоол 4000 болж байгаа юм. Зөв хэрэглэж чадвал хүүхэд авах ёстой шим тэжээлийн 80 хүртэл хувийг авч чадна.
Дараагийн асуудал нь түүхий эдийг хэн нийлүүлж байна вэ гэдэг байна. Өнгөрсөн долоо хоногт СХД-т гарсан муудсан мах авчраад хоол хийсэн явдал байна. Хувийн салбаруудыг оруулж ирж, өрсөлдөөнийг нэмэх хэрэгтэй нь харагдаж байна. Цэцэрлэгийн гал тогооны асуудал хөндөгдөж байна. Бүх цэцэрлэг өөр дээрээ гал тогоотой байя гэхээр тэнд тогооч, хоол зүйч хэрэгтэй. Тогоочийг хувийн хэвшилтэй өрсөлдөж цэцэрлэгүүд тогооч авч чадах уу. Энэ асуудлаар салбарын сайд цэцэрлэгийнхэнтэй уулзалт хийсэн. Алслагдсан цэцэрлэг бол өөр хэрэг. Бусад хөгжилтэй оронд хэрэгжээд явж байгаа олон аргаас зайлшгүй нэвтрүүлэх хэрэгтэй байна. Заавал сургууль дээр төмсөө арилгаад хоолоо хийх биш бэлдцийг нь нийлүүлж болно. Халуун хийсэн хоол авчраад түгээж болно. Ийм байдлаар хотын төвийн нягтаршил ихтэй газар гал тогоог нэгдсэн байдлаар дунд нь ажиллуулах дараагийн шатанд нь хүргэх хэрэгтэй" гэлээ.