Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.09.24 17:49
6554
Ажилтнаа хэл ярианы чадвараа алдтал нь дарамталсан эрхлэгчид хариуцлага тооцох газар байна уу?

Энэ сарын 17-ны өдөр 39-р цэцэрлэгийн эрхлэгч Д гэгч нь ахлах Б бүлгийн багш “М”-г дарамталж, хараасны улмаас тус багш ажлын байран дээрээ ухаан алдаж унан, гэнэтийн цочролоос үүдэн хэл ярианы чадвараа алдаад буй талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.

Тодруулбал, 39-р цэцэрлэгийн эрхлэгч “Д” нь өөрийгөө улсын прокурорын эхнэр тул та нар яаж ч чадахгүй хэмээн заналхийлдэг бөгөөд багш, ажилчдаа дарамтлаад зогсохгүй цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй хүртэл удаа дараа ёс бус үг ашиглан хэрэлддэг талаар тус цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл манай редакцад хандан мэдээлэл өгсөн юм. Энэ талаарх гомдол мэдээллийг эцэг эхчүүд 11-11 төвд хүргүүлсэн бөгөөд одоогоор ямар нэг хариу ирээгүй байна.

Энэхүү “Д” гэгч эрхлэгчийн энэ мэт дарамт шахалтаас үүдэн есдүгээр сарын байдлаар 14 багш, ажилтан ажлаас гарСсан гэх бөгөөд дахин гурван ч ажилтан халагдах өргөдлөө өгөөд байгаа ажээ.

Одоогийн байдлаар тус хохирогч багш Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт шилжин эмчлүүлж байгаа ч харамсалтай нь хэл ярианы чадвар сэргээгүй байгаа талаар мэдээлэл ирээд байна. Хохирогч багш нь хүүхдүүдтэй эелдэг боловсон харьцдаг, заах арга зүй сайтай гэдгийг эцэг эхчүүд хэлж байгаа бөгөөд одоогоор тус багшийн оронд бусад анги бүлгийн багш нар ээлжлэн багшилж байгаагаас үүдэн хүүхдүүдийн сурч, боловсрох эрх зөрчигдөж байгаа асуудал ч үүсээд буй.  Уг явдал болсны дараа “Д” гэгч эрхлэгч нь мөн цочролд орсон гэх шалтгаанаар Улаанбаатар сувилалд сувилгаа асаргаа хийлгэж байгаа гэх бөгөөд ажлын байран дээрээ ирэхгүй байгаа аж.

Тэгвэл өчигдөр /2024.09.23/ манай сурвалжилгын мөрөөр Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсээс 39-р цэцэрлэгт очиж ажилласан ч дорвитой шийд гараагүйгээр зогсохгүй багш ажилтнуудад “сургаал” айлдаад явсан талаар эх сурвалж мэдээлж буй. Бид үүсээд байгаа асуудлын хүрээнд Боловсролын газраас болон БШУ-ны сайд П.Наранбаяраас мэдээлэл авах гэсэн ч тодорхой мэдээлэлгүй байсан юм.

Үүсээд буй асуудлын хүрээнд бид эргэн мэдээлэх болно.

ЯРИЛЦЛАГА ҮЗЭХ: