Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2024.09.27 13:59
1655
Н.Тавинбэх: Оргил ачааллын үеэр л эрчим хүчний дутагдалд ордог

Ирэх оны төсвийн талаар "Төсөв-2025" хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгээр төсвийн хөрөнгө оруулалтуудын нийгэм эдийн засгийн өгөөж, үр дагавар, голлох зардлыг бүрдүүлж буй мега төслүүд, хэрэгцээ шаардлагын тухай хэлэлцэв.

ЭХЯ-ны ТНБД Н.Тавинбэх:

Бид дэлхий нийтийн жишгийн дагуу ногоон технологит шилжих ажлыг үр дүнд хүрэхээр хэмжээнд хийж чадахгүй байна. Хөрөнгө оруулалт, шинэчлэлт байтугай өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахад санхүүгийн эх үүсвэрийн дутагдалд орсон хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа юм. Цахилгааны үнийг нэмэх асуудал нь өөрчлөлт шинэчлэлтийн гол тулгуур асуудал мөн. Үүний хүрээнд хувийн хэвшлийн оролцоог дэмжих, нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийт 41 арга хэмжээ тусгагдсан байгаа. Үүнд урьдчилсан тооцоогоор 37 их наяд орчим төгрөг хэрэгтэй гэсэн мэргэжлийн байгууллагын судалгаа тооцоо гарсан байгаа юм.

Цахилгааны үнийг Монгол банк, хэрэглээний үнийн индекс, инфляцид хэрхэн нөлөөлөх талаар тооцоо, судалгаа хийсний үндсэн дээр нэмнэ. Мөн хэрэглэгчдийн төлбөрийн чадварыг харгалзан үзэх юм.

Одоогоор эрчим хүчний үнийг албан ёсоор хэзээ, хэдэн хувиар нэмэх шийдвэр гараагүй байна. Бид төлөвлөсөн ажлаа цаг хугацаанд нь хийж чадаагүйгээс улс орны эрчим хүчний байдал өнөөгийн хүндрэлтэй нөхцөлд хүрсэн. Оргил ачааллын үед хэрэглээ 20-30 хувиар өсдөг. Энэ хэрэглээг хангах, түгээх ажил нь эрчим хүчний салбарт байгаа том хүндрэлийн нэг.

Үнэн хэрэгтээ бусад үед эрчим хүчний дутагдал ороогүй байгаа юм.

Зөвхөн өвлийн оргил ачааллын үеэр л чадлын дутагдалд ороод байна. Сүүлийн дөрвөн жилд монгол улсын эрчим хүчний чадлыг 417 мвт-аар өсгөж чадсан. Үүнд уламжлалт технологитой эх үүсвэр ч бий, сэгээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд ч бий. Бид өвлийн их ачааллаас өмнө 200мвт-аар суурилагдсан эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.