Данзангийн Бохьшарга
/ 1957 - 2024 /
Бидний хайрт аав, хань, өвөө, төрөл төрөгсдийнхөө түшигтэй ах, журмын анд, дотны нөхөр, хамт олныхоо элэгсэг дарга, УИХ-ын гишүүн асан Данзангийн Бохьшарга 2024 оны 09 сарын 27-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, журмын андууд, хамтран зүтгэж байсан хамт олон бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Д.Бохьшарга нь 1957 онд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт мэндэлж, 1965-1975 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Мөрөн сумын 1-р сургууль, 1975-1979 онд Улсын багшийн Дээд Сургуульд түүх, нийгмийн ухааны багш, 1993-1994 онд Улс Төрийн Боловсролын академид улс төр, удирдахуйн ухааны чиглэлээр суралцан төгссөн.
Хөдөлмөрийн гараагаа Хөвсгөл аймгийн Тариалан сумын сургуульд түүх, нийгмийн ухааны багшаар эхэлж, 1990 он хүртэл Галт, Мөрөн сумын 2-р сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр ажиллажээ. 1990-1994 онд Хөвсгөл аймгийн АХТ-ийн орлогч дарга, аймгийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2000-2006 онд “Ольбиют Интернэйшнл” ХХК-н гүйцэтгэх захирал, 2007-2017 онд Хөвсгөл аймгийн Орон нутаг судлах музейн захирлаар тус тус ажиллаж байлаа.
Монгол улсад 1990 оноос өрнөсөн ардчилсан хувьсгалд оройлон оролцсон анхдагч, манлайлагчдын нэг Д.Бохьшарга нь 1990 оны “Хөвсгөлийн өлсгөлөн”-гийн гол төлөөлөгч, зохион байгуулагч бөгөөд 1990-1996 онд аймгийнхаа Aрдчилсан холбооны зохицуулах зөвлөлийн гишүүн, Ардчилсан намын даргын үүргийг нэр төртэй гүйцэтгэн аймаг орон нутгаа “Ардчилалын Өлгий” болгон, улс орондоо ардчилсан өөрчлөлтийг хийхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төрийн түшээ байлаа.
Улс орныхоо боловсрол, соёл, нам улс төр, нутгийн удирдлага, хууль тогтоох дээд байгууллагад 37 жилийнхээ хөдөлмөр зүтгэлээ зориулсаныг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон, Алтан Гадас Одон, Тусгаар Тогтнолын Одон, Эрх Чөлөөний Одон, Ардын Хувьсгалын 60, 70, 80, 90, 100 жилийн ойн медаль, Ардчилсан хувьсгалын 20, 30 жилийн ойн медаль, Боловсролын 80, 90 жилийн ойн медаль, Боловсролын Тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан, Хөвсгөл аймгийн Тэргүүний ажилтан, “Хөвсгөл аймгийн Алдартан” цол тэмдгүүдээр шагнагджээ. Эгэл даруу, эрхэм таны минь ноён нуруу, хөдөлмөрч, тууштай, үлгэрлэн манлайлагч, хүнлэг, энэрэнгүй сайхан зан чанар биднийхээ зүрх сэтгэлд үүрд мөнхөд хүндлэгдэн дурсагдах болно.
УМ МАНИ БАД МЭ ХУМ