Намын харьяаллаа мартан дүүргээ хөгжүүлэхийн төлөө хамтарч чаддаг “Баянголын эмэгтэй улстөрчид”-ийн гоё имиж хэвээрээ байгаасай!
Дүүрэг гэдэг дүнхийсэн их айл. Дүүрэн жаргалтай, түвшин амгалан өдөр байхад уур бухимдал төрж утаа, түгжрэлд ундууцах үе ч бий. Гэсэн ч их хот маань хөгжсөөр байна. Энэ айлын маань баруун хоймор яах аргагүй л Баянгол дүүрэг мөн. Энэ их айл түр оршин суугчидтайгаа 260 орчим мянган хүн амтай. Үүний 80 орчим хувь буюу 200-аад мянга нь байшин хороололд, үлдсэн хувь нь гэр хороололд амьдардаг.
Энэ олон мянган хүнд намын бодлого шийдвэрийг тайлбарлаж, хэрэгжүүлж байдаг хүн бол сайн, муу нэртэй ч намын ажилтнууд байдаг. Үүний дээр Баянгол дүүрэг нэр шигээ ядуурлын түвшин харьцангуй багатай, төсөв авдаг биш харин ч олон ААН-тэй, төсөв төвлөрүүлдэг дүүрэг. Улстөрчид Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн, төрийн өндөр бусад албан тушаалд очоод дүүргийн намын гишүүдийг “ашиглаад” орхидог бол намын ажилтнууд өдөр тутамдаа дүүргийнхээ иргэдтэй үргэлж холбоотой байдгаараа хэтрүүлж хэлэхэд бараг л ээжийн үүрэг гүйцэтгэж явдаг.
Тэдний нэг нь НИТХ-д нэр дэвшиж буй Баяртулгын Сэмжидмаа билээ. Уугуул нутаг Архангай аймгийн Хайрхан сум, суугуул нутаг нь нийслэлийн Баянгол дүүргийнх гэсэн хаягтай “Баянголын” Сэмжидмаа гэдэг нэр овгоос нь илүү олондоо түгсэн байдаг. Багш, улстөр судлаач мэргэжилтэй энэ бүсгүйн МАН-тай хувь заяагаа холбосон түүх 2007 онд эхэлсэн. Тухайн үед тэрбээр Баянгол дүүргийн нэгэн орос сургуульд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Намд 2004 онд элсэж байсан. 2008 оноос Баянгол дүүргийн тухайн үеийн МАХН-д элсэж намын дэргэдэх Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч, нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн. Тэгэхэд дүүргийн Засаг дарга Цогтбаатар дуудаж төрийн болон хувийн сургуулиудын уулзалт дээр онцолж уулзаад намд уруу татсан. 2012 оны сонгуульд МАН ялагдаж, тэрхүү ялагдлын шоконд орсон зарим нь намаасаа зугтаж, “намаас гарсанд тооцоорой” гэсэн бичиг хаалган доогуур шургуулж хөгийн л юм болж байж. Тэр үед 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн намын хорооны дэд даргаар ажиллаж намын амьдралд гүнзгий орсон байдаг. Намынхныхаа итгэл үнэмшлийг урвуулахгүй, намын гишүүдээ алдчихалгүй хадгалахын тулд дэлгүүрээс сүү бууз аваад айл айлын хаалга тогшиж аяга цайг нь хуваалцаж уунгаа ярилцаж торгоосоор 2016 оны сонгуулийг хүртэл амь бөхтэй хадгалж үлдсэн “жинхэнэ намын ажилтан” мөн билээ. Намын болон намын ажилтны зорилго бол улс төрийн сонгуульд ялах л явдал байдаг. Энэ ажлаа яаж хийснээр нь намын удирдлагууд болон тухайн нэгжийн удирдлага, ажилтуудыг үнэлдэг. Ингээд 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд 41 төлөөлөгчөөс 10 төлөөлөгч ялалт байгуулж, одоогийн УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд асан Ж.Ганбаатар 2016 оны 7 дугаар сарын 29-нд тус дүүргийн Намын хорооны даргаар сонгогдсон байдаг. Дээр хэлсэнчлэн намын хорооны дарга улс төрөө хөөгөөд явдаг, намын ажилтнууд бууриа сахиад ажлаа үргэлжлүүлдэг, иргэд сонгогчидтойгоо өдөр тутам нүүр тулж үлддэг. Дугаар хорооны намын хороо, үүрийн гишүүд сонгогчдын хувьд тухайн сайд, УИХ-ын гишүүнтэй уулзах нь ховор, зовлон жаргалыг нь шийднэ гэдэг ч гонж гэдгийг мэддэг.
Тиймээс НИТХ буюу “Баянголын” Сэмжидмаа нь үнэнч үлддэг билээ. Дахиад л 2020 оны орон нутгийн сонгуулиар Б.Сэмжидмаагийн удирдсан баг сайн ажиллаж 41 төлөөлөгчөөс 20 төлөөлөгч ялалт байгуулж, тэдэн дээр МАХН-ын нэг төлөөлөгч МАН-д элсэж орсоор 21 төлөөлөгчтэйгээр олонх болсон. Мөн л Ж.Ганбаатар нарын гишүүд үр шимийг нь хүртэж дахин сонгогдсон. Харин Б.Сэмжидмаа Баянгол дүүргийн ИТХ-ын анхны эмэгтэй даргаар сонгодлоо. Баянгол дүүргийн нэг гоё онцлог нь эмэгтэйчүүдээ дэмждэг, феминист сонгогчидтой. Л.Амгалан гэж намын үнэнч итгэлт ажилтан байлаа, хожим нь Засаг дарга, Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Одоогийн УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн С.Одонтуяа гэхчлэн эмэгтэй гишүүдэд итгэл ч үзүүлж, эрхэлж нялхарч байдаг өвөрмөц онцлогтой юм билээ. Энэ удаагийн сонгуульд ч цөөнгүй эмэгтэй өрсөлдөж байна. Сонгогдсон эмэгтэй гишүүд нь ч сонгогчдынхоо итгэлийг алддаггүй, нам харгалзахгүйгээр дүүргийнхээ тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чаддаг. Харин сонирхолтой нь дүүргийн намын хорооныхон хоорондоо үе үе гал авалцтал зөрчилддөг. Энэ нь бас тийм ч муу зүйл биш, бараг МАН-ын дотоод ардчиллын нэг хэлбэр гэж болохоор зөвтгөлтэй. Эв найрамдалтай, чимээгүйхэн хуйвалдаан, харилцан хүлээн зөвшөөрөлт дунд болж бүтэж буй мэт дүртэй алдаа дутагдалтайгаа эвлэрч, үүний уршгаар иргэд нь хохирдог байвал харин хамгийн муу зүйл. Тэгэхээр Баянголынхны дотоод зөрчил баянголчуудад ашигтай. Үүний дээр дүүргийн ИТХ-ын дарга өөрөө хэр ардчилалтай, шударга байх нь асуудал шийдвэрлэхэд хамгийн чухал билээ. Энэ тал дээр бол өнөөгийн Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаад бүх төлөөлөгч “онц” дүн тавьдаг. Найр тавьж, намчирхаж асуудлыг чимээгүй намдаахын оронд цөөнхдөө хүндэтгэлтэй хандаж, алх тогшихдоо ардчиллын зарчмыг баримталж чаддаг болохоор тэр. Мэдээж шударга бүхэн золиостой байдаг учраас “намын даргаа огцруулдаг” гэдэг нэр хоч зүүсэн нь үнэн. Ийм нэр хоч зүүхгүйн тулд төлөөлөгчдийн өгсөн санал дүгнэлтийн эсрэг зогсох ямар ч боломжгүй. Тиймээс ч Б.Сэмжидмаа төлөөлөгчдийн саналыг хүндэтгэж, тэдний төлөөлсөн тойргийн сонгогчдын хувийн үзэл бодол, намын ашиг сонирхлоо бусад намын төлөөлөгчид тулгах ёс суртахуунгүй учраас хоёр удаа Засаг даргаа огцруулсан гэх “шүүмжлэлийг” огтхон ч эсэргүүцдэггүй харин ч ардчилсан зарчимд үнэнч үлдсэнээрээ бахархаж явдаг юм билээ. Ардын намаар овоглосон ардчилсан зарчимтай эмэгтэй улстөрч ИТХ-ын сонгуульд өрсөлдөж байна. Иргэддээ ээлтэй, бизнесийн байгууллагуудтай зөв зохистой түншилж дэмжиж ажиллаж сурсан арвин туршлагатай Б.Сэмжидмаад бизнесийнхэн ч иргэд нь ч итгэж байгаагаараа өрсөлдөгчдөөсөө илт ялгарч байна. Баянгол бол оюунлаг дүүрэг төдийгүй залуу гэр бүл олонтой. Тиймээс энэ онцлогоо түшиглээд дүүргээ хүүхдэд ээлтэй жишиг дүүрэг болгох түүний зорилго хамтдаа өрсөлдөж буй эмэгтэйчүүдийн ч хамтран хийх ажил яах аргагүй мөн. Намаа, намчирхахаа мартан дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө юу чаддагаа харуулж өрсөлдөж чаддаг Баянголын эмэгтэй улстөрчдийн гоё имиж хэвээрээ байгаасай гэж сонгогчид хүсэж байна.
У.Оргилмаа