Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Спорт
2024.10.02 13:16
3023
Хүндийн өргөлтийн баг тамирчид 47 медальтай эх орондоо ирлээ

Монголын хүндийн өргөлтийн шигшээ багийн баг тамирчид арав хоногийн турш Киргизийн Бишкек хотод зохион байгуулагдсан Хэвтээ шахалтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр төрлөөр оролцжээ. Нийт 43 тамирчин өрсөлдөж багийн дүнгээр хоёрдугаар байранд оржээ.

Хэвтээ шахалтын төрлөөр 14 алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн бөгөөд тухайн жиндээ хамгийн хүнд жинг өргөсөн шилдэг тамирчнаар Э.Содномпилжээ, Г.Оргилболд, Ц.Отгондалай, П.Баяр, Х.Энхтүвшин, Х.Амарсанаа нар тодорчээ. Классик төрөлд 15 алт, 6 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ. Шилдэг шахагчаар Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Э.Содномпилжээ Дэлхийн гурван удаагийн аварга Г.Оргилболд нар тодорсон байна.

Өсвөрийн ангилалд хос алтан медаль хүртсэн Ж.Мөнхцэцэг "Анх удаа олон улсын тэмцээнд тамирчны тэсвэр хатуужлаа сорин оролцоод алтан медаль хүртээд ирсэндээ баяртай байна. Би энэ спортоороо хичээллээд есөн сар болж байгаа юм. Багануур дүүргийн Уурхайчин клубын багш Батбаяр багшийн шавь. Энэ спортоор хичээллэхэд эмэгтэй хүнээс маш их тэсвэр хатуужил тэвчээр шаарддаг гэж боддог. Тиймээс шантралгүй маргаашнаас эхлээд дараагийн тэмцээний бэлтгэлдээ орохоор төлөвлөж байна" гэв. 

Өсвөрийн ангилалд мөнгөн медаль хүртсэн Б.Мандахжаргал "Хүндийн өргөлтийн спортоор хичээллээд хоёр жил болж байна. Их хичээж байж олон улсаас анхны медалиа авлаа. Жингээ хасаж тэмцээндээ оролцсон учраас сульдаж хүчгүй болох үе байсан. Би өөрөө энэ спортдоо дуртай учраас хэцүү санагддаггүй юм" гэлээ.