“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын 4 дэх удаагийн зөвлөлдөх уулзалтыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн алба, Монголбанктай тогтоолын хэрэгжилтийн явцын талаар санал солилцлоо.
Монголбанкны хувьд уг тогтоолын дагуу 1.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоос одоогоор 1.223 их наяд төгрөгийг 3038 зээлдэгчид арилжааны 10 банкаар дамжуулан олгоод байна. 2024 оны хувьд 450 тэрбум төгрөгийн зээл олгохоос өнөөдрийн байдлаар 391 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэжээ.
УИХ-ын 36 дугаар тогтоолын дагуу Монголбанкнаас хэрэгжүүлэх ажлын биелэлт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгосон зээлийн 0.6 хувь нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байгаа бөгөөд энэ нь банкны системийн үзүүлэлтээс харьцангуй доогуур байгааг Монголбанкны мэргэжилтнүүд санууллаа. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр зээл олголтын гүйцэтгэл сайн байгааг онцлоод, цаашид 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангах зорилгын хүрээнд орхигдсон салбарт түлхүү зээл олгох чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.