Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол 2022 онд батлагдсан. Уг тогтоолын хэрэгжилтийн явцыг үнэлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албанаас Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Эрчим хүчний яамны Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Энхтүвшин зэрэг албан тушаалтнуудтай уулзаж, санал солилцлоо.
Эрчим хүчний яам нь УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд 3 арга хэмжээг төлөвлөн гүйцэтгэхээр байгаа ч одоогоор өвлийн хүлэмжийн аж ахуйн уур, дулааны хэрэглээний зардлыг хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалтыг бий болгох ажлыг хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа.
Гол нэрийн хүнс үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлээ өргөжүүлэх, хүчин чадлаа нэмэгдүүлэхэд шаардлагатай эрчим хүчний асуудал тулгамдаж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр онцлоод шийдвэрлэх боломж байгааг тодрууллаа. Харин Эрчим хүчний яамнаас өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд тарифын хөнгөлөлт үзүүлэх цагийг урагшлуулснаар оргил ачаалалтай давхцаж байгааг санууллаа. Цаашид УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа талууд илэрхийлэв.