Жилээс жилд импортын цемент асуудал дагуулсаар ирсэн. Ид бүтээн байгуулалтын үед Засгийн газар импортын цементийн татвар 20 хувь байсныг есдүгээр сарын 30-н хүртэл таван хувь болгож бууруулсан. Үүнийг даган ямар ч хараа хяналтгүй гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн шинжилгээний бичиг, чанарын баталгаагүй цемент маш ихээр орж ирэн бүтээн байгуулалтад нийлүүлэгдсэн. Чанар стандартын шаардлага хангадаггүй гэх мэдээллийн араас цөмийн энергийн газрын цацраг идэвхт лаборатораас гаргасан туршилт судалгаагаар импортын цемент нь дотоодын үйлдвэрүүдийн цементтэй харьцуулахад цацраг идэвхт хэмжээ нь 2 дахин өндөр гарсан байна. Тодруулбал уг судалгаа шинжилгээний үр дүнд дотоодын цементийн цацраг идэвхт үзүүлэлт нь дунджаар 57 бк/kг гарсан бол импортын цемент нь 115 бк/kг гарсан нь чанар хийгээд, аюулгүй байдал, эрүүл мэнд зэрэгт хор нөлөөг дагуулахаас гадна манай дотоодын үйлдвэрүүд нь чанар стандартын цемент үйлдвэрлэж байгаа нь уг судалгаанаас харагдаж байна.