Өнгөрсөн есдүгээр сарын 10-наас визийн зөвшөөрлөөр олгогддог байсан 54 ангиллын визийг цахимаар олгож, гадаадын иргэнийг уригч нь immigration.gov.mn цахим системээр хандаж, шууд виз мэдүүлэх боломж бүрдсэн.
Өмнө нь Монгол Улсыг зорин ирж байгаа гадаад улсын иргэд элчин сайдын яаманд очиж уламжлалт байдлаар виз мэдүүлэх цагаа авна, мэдүүлнэ гээд их хугацаа зарцуулдаг байсан. Харин одоо энэ байдал өөрчлөгджээ.
2021 оноос хойш аялал жуулчлалын, дамжин өнгөрөх, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох визийг цахимаар олгож ирсэн. Уг тоон үзүүлэлт жилээс жилд өсөж байгаа юм. Тухайлбал, 2023 онд л гэхэд аяллын зорилгоор 36 мянган иргэн цахим виз авч байсан бол энэ жилийн аравдугаар сарын байдлаар 74 мянга болж өссөн байна. Цахим болсноор гадаад улсын иргэд манай улсыг зорин ирэх үйл явц хялбар болж байна.