Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгууль гээд дээр дооргүй бужигнасаар нийслэлчүүд утааны улиралтай золголоо. Нийслэлчүүдийн толгойны өвчин болсон утаа, түгжрэл гээд олон асуудал шил шилээ даран хүлээсээр. Гэтэл бид өдөр бүр сонгуулийн шоу үзэж, тархиа угаалгасаар байна.
2023 онд угаарын цочмог хордлогод орсны улмаас 3184 хүн угаартаж, 61 хүн амь насаа алдсан гэх сэтгэл сэртийлгэм судалгаа бий. Унтаад л эргэж сэрээгүй мянга мянган иргэний эрдэнэт амь нас бидэнд юуг хэлэв?
2022 оны өвөл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн чуулганы үеэр “Шударга хэлье. Одоо аргалах ч аргагүй болсон, цахилгаанаа хэмнэ” гэж байсан бол өнгөрсөн өвөл эрчим хүчээ хүргэхийн тулд үе шаттайгаар хязгаарлахаас өөр аргагүй гэв. Нийслэлчүүд идэр есийн хүйтэнд хуваарийн дагуу хязгаарлалтаа хийлгэж, үг дүүгүй өвлийг давсан.
Утааны улиралд уушгины хатгалгаа, ханиад томуу хүүхэд, хөгшчүүдээс салахгүй. Витаминаар биш антибиотикоор хоол хийж бидний ирээдүй өвлийг давдаг нь нүцгэн үнэн. Аль хэдийн аюулын харанга дэлдээд, бидний ирээдүйг сорсоор байхад улс төрийн шоу, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн дунд бид чимээгүй живсээр байна...