Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол 2022 онд батлагдсан. Тус тогтоолыг Төр, захиргааны 35 байгууллага хэрэгжүүлэн ажиллах бөгөөд хагас жил тутам үр дүнгээ хэлэлцэх зорилгоор зөвлөлдөх уулзалт зохион байгуулдаг. Тэгвэл УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын IV удаагийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдахтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албанаас Зээлийн батлан даалтын санд ажиллалаа.
Зээлийн батлан даалтын сан нь УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд 2 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөгдсөн бөгөөд өнөөдрийн байдлаар хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр олгогдсон 32.5 тэрбум төгрөгийн зээлд 18.5 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна.
Зээлийн батлан даалтын санд ирдэг зээлийн хүсэлт тодорхой шалтгаантай бага байдаг аж. Тодруулбал зээлийн ерөнхий нөхцөл шаардлага хангасан ААН-үүд ихэвчлэн ЖДҮҮЭ-ийн тодорхойлолт авах боломжгүй бөгөөд жилийн орлого нь 2.5 тэрбумаас дээш учир зээлийн хүсэлт ирүүлдэггүй гэж байна. Тиймээс Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5.1-д заасан этгээдийг гэх заалтыг хасах, тус хуулийн 9.1.1-д заасан Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах гэсэн заалтад иргэн гэж нэмэх шаардлага байгааг Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхан онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хувьсгал”-ын гол зорилго болсон 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд анхаарч, хэрхэн төрөлжүүлж зээлийн батлан даалт гаргаж байгааг тодрууллаа. Цаашид хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр олгогдсон зээлүүдэд батлан даалт гаргахдаа 19 нэр төрөлд орсон хүнсний бүтээгдэхүүнээр нь төрөлжүүлж, энэ чиглэлд анхаарч ажиллахыг санууллаа.