Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Засгийн газар
2024.10.04 17:08
1751
ХЗДХЯ болон Улсын дээд шүүхийн хамтарсан хэлэлцүүлэг боллоо
Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Дээд шүүх хамтран “Хууль хэрэглээний нэгдмэл байдал, эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2024.10.04) зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Болормаа, Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн дарга Н.Жамъянхүү болон тус газрын мэргэжилтнүүд хийгээд ХЗДХЯ-ны харьяа Цагдаагийн ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Сүхболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б.Нандинболор, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат нарын зэрэг төлөөллөө байлцуулсан бол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг нарын өргөн бүрэлдэхүүнтэйгээр салбар хэлэлцүүлгүүдийг зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлгийн онцлог нь Монгол Улсын гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болох ХЗДХЯ, шүүх эрх мэдлийн дээд байгууллага болох Улсын дээд шүүх нэгдэж суугаад нийтлэг тулгамдсан асуудлаа ажил хэрэгчээр хэлэлцэн ярилцаж буй анхны тохиолдол юм. Ард иргэдийн шүүх засаглалд итгэх итгэл жилээс жилд буурч буйн учир шалтгааныг шүүгчдийн ёс зүй, хараат бус байдалтай холбон тайлбарлах болсон ч боловсруулагдан батлагдаж буй хуулиудын чадамж нь хэрэглээ болоод шийдвэр гүйцэтгэлийн явцад олон арван бэрхшээл дагуулж байгааг талууд учирлаж байлаа. Эцсийн үр дагавар нь иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигддөг тул шүүх болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага энэ мэтээр цаашид ч хамтран ажиллаж, процессын хуулиудын алдаатай байдлыг залруулах шаардлага үүсээд байгаа юм.
Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Хэдийгээр би улс төрийн албан тушаал хашиж байгаа ч тус салбарт 20 гаруй жил алдаа оноо, дутагдлын дундуур явсан мэргэжилтний хувиар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллах хугацаандаа тулгамдаж буй асуудлуудыг бодлогын түвшинд боломжийн хэрээрээ цэгцэлнэ” гэж хэлсэн бол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн зүгээс тулгамдаж буй асуудалд алсын хараатай, ажил хэрэгч хандаж буйд нь салбарын сайдад талархал илэрхийлээд Засгийн газрын шийдвэр шүүхийн практикт үндэслэж, үйл ажиллагаа нь Улсын дээд шүүхийн тайлбарт нийцэх, санаачилсан хуулийн төсөлд байнгын санал өгөх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулах чиглэлд анхаарахыг хүслээ.