Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол 2022 онд батлагдсан. Уг тогтоолын хэрэгжилтийн явцыг үнэлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн алба, Гаалийн Ерөнхий Газарт ажиллалаа.
УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд Гаалийн Ерөнхий Газар нь үндсэн чиг үүргийн хүрээнд 3 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн байна. Тухайлбал Хөдөө аж ахуй, эрүүл ахуй, хадгалалт, худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэлд зохистой дадлыг нэвтрүүлэх, итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын тоог нэмэгдүүлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн явцад аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг бүрэн хангасан эсэхэд тавигдах дотоодын хяналтын тогтолцоог сайжруулах, мөрдүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэж, тогтоолын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ажиллаж байна гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Гаалийн Ерөнхий Газраас импортын хүнсэнд тавих хяналтын талаар болон хүнсний ногоо, жимс, жимсгэнэд хэчнээн нэр төрлийн пестицидийг гаалийн лабораторид шинжилж байгааг тодрууллаа. Гаалийн Ерөнхий газраас нийт 19 нэр төрлийн пестицидийг шинжилж байгаа бөгөөд цаашид энэ хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцуулав.