Б.Нарангоо
Ерөнхий редактор
Сонгууль
2024.10.07 11:56
3057
Баасан гараг амралтын өдөр биш ЭРХЭЭ ЭДЛЭХ ӨДӨР

Нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчөө сонгох өдөр ирэх баасан гарагт буюу 10 дугаар сарын 11-нд тохионо. Энэ өдөр 07:00-20:00 цагийн хооронд санал авах хэсгийн хороод ажиллаж, санал авах юм.  

Тэгвэл санал өгөх өдөр биш бүх нийтийн амралтын өдөр хэмээснээр иргэд амралттай андуурч, саналаа өгөхгүй явчих тохиолдол бий. Энэ нь урьд өмнө явуулж байсан орон нутгийн сонгуулийн үр дүн, ирцээс тодхон харагдана. УИХ-ын сонгуульд 50 хувийн босго тавьснаар иргэд заавал саналаа өгөх заавал 50-аас дээш хувийн ирцтэй байлгах үүргийн санал авах хэсгийн хороод хүлээдэг. Тэгвэл орон нутгийн сонгуульд ямар нэг босго тавьдаггүй хэдэн иргэн санал өгнө тэр хэмжээгээр төлөөлөгч сонгогддог учраас иргэн таны санал гээгдэх, төлөөлөгч өрсөлдөөн багатай амархан сонгогдох эрсдэлтэй. СЕХ-ны мэдээлснээр орон нутгийн сонгуулийн ирц их хурлынхаас 10-20 хувь доогуур байдаг талаар дурьдсан. Өнгөрсөн 4 удаагийн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дундаж ирц 57 хувьтай байсан нь даруй 10 хувиар бага үзүүлэлт юм.

Сонгуулийн ирцэд хамгийн их сөргөөр нөлөөлдөг зүйл нь байнга оршин суудаг хаягаасаа өөр газар сурч, ажиллаж амьдардаг иргэд. Улсын хэмжээнд хөдөө орон нутгийн хаягтай улаанбаатар хотод сурч буй 120 мянга гаруй оюутан, улирлын чанартай ажил эрхэлдэг 1100 гаруй аж ахуйн нэгжид 60.000 гаруй иргэн үндсэн хаягаасаа өөр газар ажиллаж байна. Иймээс уул уурхай, тээвэр ложистикийн салбарт ажиллагсад зөөврөөр,  урьдчилан санал өгөх гэхчилэн хуулийн шинэ гарц гаргалгаа хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр оюутнууд нутагтаа очиж санал өгөх боломжоор сургуулиуд хангах, хичээлийг зохицуулах шаардлага үүсч байна.

Аймаг, нийслэлийн сонгууль гэдэг танай хороо, баг дүүрэг тогтой байх уу, хогтой байх уу цэцэрлэг, сургуулийн хүртээмж хэр байх вэ гэдгээс эхлээд иргэн таны амьдралд хамгийн ойр шийдвэрийг гаргадаг төлөөлөгчөө сонгож буй үйлдэл. Иймээс хөдөөнийхөн л өгдөг биздээ гэж хойрго хандалгүй нийслэл, сум дүүргийн төлөөлөгч сонгох сонгуульдаа хүн бүр идэвхтэй оролцохыг уриалж байна