Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.10.09 16:46
3218
Багш нар: Нийслэлийн түгжрэл сурагчдыг хичээлийн агуулгын хоцрогдолд хүргэж байна

“Дэлхийн багш нарын өдөр”-ийг тохиолдуулан “Хүүхдийн төлөө багш бид” форумыг Нийслэлийн Ардчилсан намаас 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулж, Монголын боловсролын систем, хүүхдүүдэд тулгамдаж байгаа асуудал болон УИХ-ын гишүүдийн санаачилсан “Хүүхэд хөгжлийн карт” олгох тогтоолын төслийн талаар багш нартай хамтран хэлэлцүүлэг өрнүүллээ. Улаанбаатар хотын тулгамдсан асуудал хүүхдийн сургалт, хүмүүжил, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар багш нар өөрсдийн санал бодлоо эхлээд хуваалцсан юм.

“Нийслэлийн автозамын түгжрэлээс болж, сүүлийн жилүүдэд сурагчид хичээлээс хоцрох болсон нь агуулгын хоцрогдолд оруулах болсон. Мөн нэг ангид суралцах хүүхдийн тоо хэт олон байгаагаас 40 минутад багш хүүхэд бүрт хүрч ажиллах боломжгүй учраас анги дүүргэлтийг зохих стандартад хүргэх шаардлагатай” гэв. Хүүхдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байхгүй нь ахлах ангийн сурагчдыг хорт зуршилд автах, гар утасны хэрэглээнд донтох хэмжээнд хүргэж байна. Энэ нь сурагчдын сургалтын амжилтад ихээр нөлөөлж байгааг багш нар маань дурдав.

Боловсролын системд Монгол хүүхдийнхээ онцлогт тохирсон онол практик хосолсон сургалтын хөтөлбөр шаардлагатай байгааг багш нар онцлоод эцэг, эхийн амьд харилцаа хүүхдэд маш чухал байна гэлээ.

Монгол хүүхдийн хөгжлийн онцлогийг Боловсролын хүрээлэнгээс 2013 оноос эхлэн судалж байгаа бөгөөд сургалтын чанарт бие физиологийн хөгжил маш чухал байна. Тиймээс “Хүүхэд хөгжлийн карт” төслийг хэрэгжүүлж, хүүхдийнхээ оюуны, бие бялдрын, урлагийн хөгжлийн эхлэлийг зөв тавих үр дүнтэй гэдгийг багш нар хэллээ. “Хүүхэд хөгжлийн карт” нь зөвхөн хүүхдийн төдийгүй багшийн хөгжилд ч бодит ач холбогдолтойг онцлов.

Хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэг “Цогцолбор сургуулийг цогцоор нь хөгжүүлэх үү” гэдэг сэдвээр өрнөлөө. Бага ангийн хүүхэд бүр гэрийнхээ хажууд суралцах боломжгүйгээс хотын түгжрэлд хэдэн цагийг зарцуулан эцэг эх нь зөөсөөр байна. Үүнээс болж хүүхдийн авах ачаалал ихэсч, асран хамгаалагчийн анхаарал тавих боломж ч хумигдсан. Тиймээс Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгасан бага сургуулийг гэрийнх нь хажууд буюу 500 метрийн радиуст байгуулах боломжийн талаар хэлэлцсэн юм.

Европын орнуудад бага боловсрол олгох нэг багшид 8 хүүхэд ногддог бол БНХАУ-д 15 хүүхэд ногдож байна. Харин манайд нэг ангид 50-60 хүүхэд суралцаж байгаа юм. Мөн хүүхдээ судлах, хөгжүүлэх ямар ч боломжгүй, хэрэгцээнд нь тулгуурласан боловсрол олгох бодлого явуулдаггүй гэх зэрэг бэрхшээл багш нарт учирсаар байна. Тиймээс 80-100 өрх тутамд бага сургууль байгуулах бодлогыг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Мөн “Хүүхэд хөгжлийн карт” төслийг хэрэгжүүлснээр ахмад залуу багшийн хамтран ажиллах боломж нэмэгдэнэ гэв.