Өнөөдөр дэлхийн 730 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж, таваас доош насны нийт хүүхдийн 22.3 хувь нь хоол тэжээлийн дутагдлаас үүдэлтэй өсөлтийн хоцрогдолтой байна. Дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 1.3 хувь нь хоол тэжээлийн архаг дутагдалд нэрвэгдсэн бол 1.6 тэрбум эмэгтэйчүүд, хүүхдүүд хоол хүнснээс авах шаардлагатай амин дэм, эрдсээ авч чадахгүй байна. 2.8 тэрбум хүн зохистой хоол хүнсээр хангагдах санхүүгийн чадамж муутайн улмаас эрүүл биш хямд хоол, хүнс түлхүү хэрэглэж байгааг хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн төлөв байдлын 2024 оны дэлхийн тайланд дурьджээ.
Тиймээс энэ жилийн “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “Илүү сайн сайхан амьдрал, ирээдүйн төлөө хүнсээр хангагдах эрхийг хангая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
“Дэлхийн хүнсний өдөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нар урилгаар оролцож, хүнсний чиглэлийн төрийн бодлого шийдвэрийн талаар танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний үр дүнд өнгөрсөн онд бид хүнсний ногооны 85 хувийг дотоодоосоо хангаж, хүнсний чиглэлийн 10 гаруй үйлдвэрийг шинээр ашиглалтад оруулсан байна. Хүнсний хангамжийн асуудлыг бодитоор нэмэгдүүлэх ажлыг үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчидтэй хамтран амжилттай хэрэгжүүлж байгаа. Харин одоо хүнсний аюулгүй байдалд онцгойлон анхаарах шаардлага тулгараад байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатарын удирдлага дор манай улсад хэрэглэж буй Пестицидийн төрлийн бодисын хэрэглээний асуудлыг хөндөж эхлээд байна. Энэ мэтчилэн “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, хүн амыг баталгаат хүнсээр хангах, хоол тэжээлийн дутагдлыг тогтвортой бууруулах чиглэлээр ажиллаж байна.
Мөн энэ үеэр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан “Хүнсээр хангагдах эрх” эссэ бичлэгийн уралдааны шилдгүүдийг тодруулж, шагнал гардууллаа. Ингээд “Хүнсээр хангагдах эрх” эссэ бичлэгийн уралдааны 1-р байрыг “Ирээдүй” сургуулийн 10д ангийн сурагч М.Нарансолонго эзэллээ. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр гардуулав.
Энэ жилийн дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээ хүнсээр хангагдах эрхийг баталгаажуулахын ач холбогдлыг онцолж, илүү хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгоход чиглэж байна.
Хоол хүнс бол агаар, ус шиг хүний чухал хэрэгцээ, үндсэн эрх юм. Хүн бүр шим тэжээллэг, олон нэр төрлийн, хүртээмжтэй, хүрэлцэхүйц, аюулгүй хоол хүнсээр хангагдах эрхтэй.