Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.18 17:48
1175
Т.Мөнхсайхан: Би Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн даргыг томилоогүй

Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлууд, гарц гаргалгааг салбарын сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.

-Өнөөдрийн хуралдаанаас дүгнэхэд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй хамгийн чухал асуудал юу байна вэ?

Манай улсын хувьд уламжлалт анагаах ухааны салбар давуу тал болох ёстой ч салбарын сул тал болтлоо дордсон байна. Уламжлалт анагаах ухааны эмчилгээг  экспортод гаргаад, эдийн засагт тодорхой хэмжээний орлого төвлөрүүлэх бүрэн боломжтой. Тийм учраас миний бие Эрүүл мэндийн яам дээр Уламжлалт анагаах ухааны зөвлөлийг байгуулсан. Цаашид сайжруулах тал дээр анхаарна.

-Эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлууд яригдаж байна. Даатгалын тогтолцоог өөрчлөх асуудлыг дэмжиж байгаа юу?

Эрүүл мэндийн даатгалын сангийн нөхцөл байдал хүнд байна. 2021 оноос хойш даатгалын санд төвлөрөх ёстой мөнгө орохгүй явсаар 218 тэрбум төгрөгийн авлагатай болсон.  

Энэ асуудлаа шийдэхгүй бол оны сүүл гэхэд эрүүл мэндийн салбарт асуудал үүсэхээр байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар аль ч эрүүл мэндийн байгууллага цалингаа тавьж чадахгүй хэмжээнд хүрээгүй.

-Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн ажилчид цалингаа авч чадахгүй байгаа асуудалд хэрхэн анхаарлаа хандуулж байна вэ?

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд тухайн байгууллагын зохион байгуулалтын буруу төлөвлөлтөөс болж цалингаа тавьж чадахгүй байгаа гэж үзэж байна. Дүүргийн эмнэлэг нийслэлд хамаардаг. Гэхдээ эрүүл мэндийн салбарын асуудал учраас эмнэлгийн тусламж үйлчилгээг доголдуулахгүй үүсээд буй асуудлаа хурдан шийдэх үүргийг Нийслэлийн эрүүл мэндийн төвд өгсөн.

-Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн даргыг та томилсон юм уу?

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга дөрвөн сард томилогдсон. Би томилоогүй, надад тийм эрх мэдэл ч байхгүй. Нийслэлийн эрүүл мэндийн газар томилгоо хийдэг гэдгийг албан ёсоор мэдэгдье!

Шууд дамжуулалтыг үзэх: