Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.10.22 14:49
3149
Тэмбүүгээр дэлхийд тэргүүлсний дараа бөөсний тоо толгойгоороо дэлхийд өрсөлдөх үү

Аймгуудыг өрсөлдөх чадвараар нь эрэмбэлдэг байсан бол сүүлийн үед БЗХӨ-өөр нь байр эзлүүлдэг болжээ. Тодруулбал, Тэмбүүгийн тохиолдлоор Өмнөговь, Говьсүмбэр, Баянхонгор аймаг тэргүүлсэн гэх. Харин нийслэл Улаанбаатар хотын хувьд 12.1 хувиар удаалж байх аж.

Харин тэмбүүгийн өвчлөлтэй зэрэгцэн бөөс хуурсны асуудал яригдаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, бөөсний тоо толгойгоороо удахгүй эрэмбэлэгдэх хэмжээнд хүрчээ.

Ялангуяа цэцэрлэгийн болон 1-5 дугаар ангийн хүүхдүүд бөөстөх нь огцом нэмэгджээ. Гэхдээ үүний шалтгааныг бохир заваантай холбон тайлбарлаж болохгүй. Мөн БНХАУ-аас үсний боолт, хавчаар зэрэгт бөөс шингээн манай улс руу оруулж ирдэг гэх яриа ч байдаг. Харин тус асуудлын талаар мэргэжлийн эмчээс тодруулахад, Бөөс хүний үсэнд 30-33 хоног амьдрах чадвартай бол үсгүй газар 2-3 хоног л амьдрах чадвартай гэсэн юм. Тиймээс үсний боолт, хавчаар зэргээс бөөс халдсан гэдэг нь худлаа болж таарч байна. 

Харин цэцэрлэгийн болон бага насны хүүхдүүд нь бөөстөн тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагч нар нь гэрийн аргаар эмчлэх гээд улам хүндрүүлэх тохиолдол гардаг байна. Иргэдийн хувьд ам дамжсан, сайн гэсэн бүхнийг л юу ч байсан хамаагүй хэрэглэх дуртай байдаг. Гэвч үүнээс болж учирч болох эрсдэлээ тооцоолдоггүй нь харамсалтай.

Жишээ татахад цэцэрлэгийн хүүхдийнх нь бөөс арилахгүй байсан учир нохойн бөөсний цацлага хүртэл хэрэглэсэн байх. Үүнээс үүдэн химийн өндөр тунтай бодис хэрэглээд хүүхдийнх нь толгой өвддөг болох зэрэг аймшигт тохиолдлын тоо нэмэгдсээр л.

Мөн нэг гэр бүлийн хэн нэгэн нь бөөстсөн тохиолдолд бүгд бөөстөх эрсдэлтэй. Гэвч эцэг эхчүүд нууж, гэрийн аргаар эмчилнэ гэж явсаар улам даамжруулах тохиолдол мөн л нэмэгджээ. Үүний том жишээ нь зөвхөн бөөс, хуурс устгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн салон Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Тус салоны үүсгэн байгуулагч Г.Ганбилэгээс тодруулахад, Эцэг эхчүүд хүүхдүүдээ багшдаа хэлж болохгүй гэж их захидаг. Үүнээс үүдэн цэцэрлэгт хамт явдаг хүүхдүүд бөөстөх тохиолдол нэмэгдэж байна. Мөн баталгаагүй янз бүрийн зүйл хэрэглэж, бөөснөөсөө бүрэн салж чадахгүй удаан явснаас үүдэн хүндэрч ирэх тохиолдол их гардаг талаар ярьж байсан юм.

Тиймээс бөөс, тэмбүүгээрээ дэлхийд өрсөлдөж алдарших гээгүй л юм бол бусдад халдаалгүй хариуцлагатай байж, яаралтай мэргэжлийн эмч, мэргэжлийн байгууллагад хандаж эмчилгээгээ эхлүүлэхийг зөвлөе. 

Шууд дамжуулалт: