Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Байгаль орчин
2024.10.22 16:53
2933
Ч.Даваабаяр: Хүнс гэдэг нь өөрөө аливаа улс орны үндэсний аюулгүй байдлыг хангаж байдаг

Газар тариалангийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаагийн хэрээр пестицидийн тоо хэмжээ, нэр төрөл жилээс жилд нэмэгдэж байна. Энэ асуудалтай холбоотой байгууллагуудын уялдаа холбоо, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, сайжруулах, пестицидийн чанар, найрлагыг тодорхойлох лабораторийн хүчин чадал, хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхжуулах, тариалан эрхлэгчдэд зөв зохистой хэрэглээг нэвтрүүлэх зорилготой “Пестицидийн хэрэглээний өнөөгийн байдал” сэдэвт зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

 “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд бид таван жилийн хугацаанд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо 100 хувь хангах ёстой. Энэ хүрээнд төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй хамтран хүнсний хангамж, аюулгүй байдал дээр анхаарч ажиллаж байна. Үүнээс гадна импортоор оруулж ирж байгаа жимс, хүнсний ногоон дээрх пестицидийн үлдэгдэл хэр их байна, хэдэн хувийг тодорхойлж байна зэрэгт илүү нухацтай хандах юм. Хүнсний аюулгүй байдал олон хүчин зүйлээс шалтгаалж байдгийн нэг нь пестицид. Эрдэмтдийн зөвлөл пестицидийн асуудлыг хөндөж зөвлөмж гаргасан. Үүн дээр ажлын хэсэг гарган таван удаагийн уулзалт зохион байгуулаад байна.

Хүнс гэдэг нь өөрөө аливаа улс орны үндэсний аюулгүй байдлыг хангаж байдаг. Тийм учраас бидний хэрэглэж байгаа хүнс жирэмсэн эхчүүдэд, цаашилбал үр хүүхдэд, мөн тариалангийн талбайд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид хамгийн түрүүнд пестицидийн нөлөөнд өртдөг.

Ингэснээр хорт хавдар бусад өвчлөлд өртөх магадлалтай. Эдгээр өвчлөлүүдийг гол үүсгэгч нь пестицид мөн үү гэдгийг тодорхойлох тал дээр анхаарлаа хандуулах цаг нь болсон.

Үүнд тулгарч байгаа хамгийн эхний асуудал нь боловсон хүчний хомсдол. Лабораториуд, орчин үеийн ухаалаг тоног төхөөрөмжүүд дээр ажиллах мэдлэг боловсролтой хүний нөөц бэлтгэх ажилд хамгийн түрүүнд анхаарч ажиллана. Мөн пестицидийг илрүүлдэг бодисын үнэ, олдоцын асуудлыг шийднэ. Одоо хэрэгжиж байгаа журам, тогтолцоог илүү боловсронгуй болгож шинэчлэн хууль эрхзүйн орчныг сайжруулж, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Уг тогтолцоог шийдчихвэл хүнсний аюулгүй байдалд шинэчлэлт хийж чадна” гэдгийг онцоллоо.