Нийслэл Улаанбаатар хотын түгжрэл иргэдийн толгойны өвчин болоод олон жилийн нүүрийг үзэж байна. Түгжрэлдээ дасал болсон иргэд амьдралынхаа дийлэнх үнэ цэнтэй цагийг түгжрэлд өнгөрүүлдэг гэж хэлэхэд буруудахгүй.
Үе үеийн хотын дарга нар дүүжин тээвэр, метро, хурдны зам зэрэг үлгэрийн мэт амлалтууд өгсөөр ирсний хор гарч байна.
Ээлжит түгжрэлийн шийдлийн нэг нь импортын машинд серийн дугаар олгохгүй байх явдал байв.
Тодруулбал" Импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх захирамжийг хотын дарга Х.Нямбаатар гаргаж 11 сарын 8-аас импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй байхаар шийдвэрлэжээ.
НЗДТГ-ын зүгээс 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам 2 сая хүртэл тооцоолол гаргасан. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд 5 км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд байна. Тиймээс түгжрэлийг бууруулах богино хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотын бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах арга хэмжээг авсан гэдгээ мэдэгдэв.
Эргэн сануулбал: Мөн л хотын дарга Х.Нямбаатар орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг төлнө. Харин 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд буюу 24 цаг тутамд 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн байдаг.
Улмаар иргэд импортоор орж ирсэн машин авахад Улаанбаатар хотын серийн дугаар авах эрхгүй болж, орон нутгийн серийн дугаар авлаа гэхэд Нийслэлд хоног тутамд 5 мянган төгрөг төлөхөөр болж байна.
Хэдийгээр уг шийдвэр нь түгжрэлийг бууруулах богино хугацааны бодлого байж болох хэдий ч иргэд өмчлөх эрхээ боогдуулж байна. Нөгөөтээгүүр үе үеийн хотын мээрэнгүүдийн худал амлалт өгч явсны хор иргэдэд буцаад дарамт учруулж байна. Шийдэл бүхий зам байхгүй, зохион байгуулалтгүй барьсан олон барилга, дугуйн зам ч байхгүй хотод машины тоог хязгаарлалаа гээд түгжрэл буурах уу? эс буурах уу?