Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Соёл урлаг
2024.10.28 12:27
4182
СГЗ Г.Ганчимэг: Дуучин С.Жавхлан Монгол Улсын Ардын жүжигчин болоорой
Түмэн олныхоо түрлэгэн дунд, тэрлэгэн дотор нь явдаг Самандын Жавхлан мину... 
ОХУ-ын Халимагийн Ерөнхийлөгч Бату Хасиковын зарлигаар Монголын дуучин Самандын Жавхланд Халимагийн Гавьяат жүжигчин цол олгожээ. Энэ мэдээ монгол туургатнуудын дунд ид баяр баясал болон түгэж байна. 
Үйл явдлын хувьд ОХУ дайн дажинтай, дотоод итгэл нь алдарч буй тун чиг сонирхолтой цаг үед Монголын дуучин С.Жавхланд тэд шагналаа олгож байх юм. Түүнд өмнө нь Тува, Буриад улс томоохон шагналуудаа олгож байсан. Арга ч үгүй дээ, тэр бол Монгол туургатны дуучин шүү дээ. Түүнээс өөр энэ түвшинд гарсан дуучин одоогоор алга. Өөрөө ч монгол туургатан улс орнуудад Монголоо мэдрүүлэн таниулах, Монгол гэдэг төв цэг дээр урлагаар нэгдэн учран золгодог болгохын төлөө залуу насныхаа олон жилийн амьдралыг зориулаад явж байгаа хүн. Эх орондоо ч түмэн олныхоо түрлэгэн дунд, тэрлэгэн дотор нь яваа хайр хүрэм сайхан дуучин.
 
Өнгөрөгч зун би бээр түүнийг хоёр гурван ч сумын 100 жилийн ойд очиж дуу хуураа өргөхийг нүдээр үзэж цэнгэсэн билээ. Аргагүй юм аа, ай мөн ч ...гэсэн ард түмний сэтгэлийн хайлангаар хучуулж явах юм. Өөрөө ч зөөлөн хайлан эр хүн юм. Бүчсэн олноос төвөгшөөх юмгүй зургаа даруулж, хөгшидтэй тамхилж, мэнд ус мэдэлцэж буйг нь харахад хүндэтгэл төрөх...
Түүнтэй би хориод жилийн тэртээ анх танилцаж байв. Хожим ярилцлагынхаа зочноор урьж, сэтгэлийнх нь захад очин хөөрөлдөж ч явав. Бүр хожим “Хамаг Монгол 2” төслийн баримтад киноны турш түүнээс асуух завшаан тохиож хамтран ажиллаж байв.
Хүмүүс түүнийг гаднаас нь л хардаг. Зарим нь жигтэйхэн хэрүүлч, ам хэл билүүдсэн амьтан мэт ярина. Гэтэл тэр тийм хүн биш. Харин ёжлол, шоглол дүүрэн “сахилгагүй” зан бол бий. Түүний мэдрэх чадвар онцгой.
Өнгөрсөн жил тэр нийслэлийнхээ ганц том цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийв. "Дулаахан Намар" нэртэй энэ тоглолт томоохон бүх чуулгууд оролцсон, нүсэр том бүрэлдэхүүнтэй, мэргэжлийн найруулгатай, том агуулгатай тоглолт болсон. Хот хөдөөгүй, нас насныхан энэ тоглолтыг үзэхээр зорьсон нь Самандын Жавхлан монголчуудын хувьд хэн юм гэдгийг дахин харуулсан юм.
Ингэхэд wikipedia-д түүний тухай хэрхэн танилцуулсан байдаг юм бол гэх адын бодол төрж сонирхож үзсэн юм.
Иж бүрэн мэдээлэл байдаг ажээ. Гэхдээ би энд нийгмийн зүтгэлтнийх нь хувьд оруулсан баримтуудаас иш татмаар байна.
• С.Жавхлан нь 2001-2015 оны хооронд өөрийн уран бүтээлийн орлогоос гэр оронгүй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй, хагас болон бүтэн өнчин хүүхдүүд, хараагүй иргэд, мөн хүнд өвчтэй, хорт хавдартай, хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай зэрэг нийт 250 гаруй хүнд тусалжээ. (энэ тоо бол замбараагүй өссөн шүү)
• 2007 оноос малчид, иргэдийн эрх ашгийг хохироож, уул ус, гол мөрөнг бохирлож, хордуулж байсан гадаад, дотоодын хууль бус уул уурхайн хэд хэдэн байгууллагуудтай тэмцэж, тухайн нутаг бүрийн иргэдийг зохион байгуулж, нөхөрлөл байгуулан дээрх уурхайнуудыг хаалгасан байдаг юм байна. (Энэ ч гэсэн хууль бус үйл ажиллагаа явуулсан газруудтай хийдэг тэмцэл. Түүнийг бүхий л том төслүүдийг гацаагч, шантаажлагч, хулхи эрх орончидтой зүйрлэх боломжгүй юм)
• Иргэд, албан байгуулагууд, дунд, дээд сургуулиуд, сум дүүрэг аймгуудын хүсэлтээр соён гэгээрүүлэх, жудаг ёсоо сэргээх яриа таниулгын 500 гаруй уулзалтанд уригдаж мөн зохион байгуулж ажилласан байдаг юм байна. (Энэ ажлаа тэр одоо ч хийсээр яваа)
• Монгол туургатан улсуудын дунд хэл, зан заншил, соёл урлагийн харилцааг бэхжүүлж дэлгэрүүлэх зорилготой "Хамаг Монгол" төслийг санаачлан зохион байгуулсан бөгөөд одоо ч цар хүрээ нь улам өргөжиж, үргэлжилсээр байна.
Ганц хоёрхон хэсгээс ишлэж үзэхэд ийм мэдээллүүд байх.
 
Самандын Жавхланд Монголын Төр тэртээ 2009 онд МУГЖ цол тэмдгийг хүртээж байжээ. Түүнийг нийтийн дууны урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргасан гэж Төр үнэлсэн. Тэр цагаас хойш 15 жил өнгөрсөн байна. Энэ 15 жилд Самандын Жавхлан тэр зорилгоос халин, дэлхий даяар тархсан монгол туургатнуудыг хамарсан “Хамаг Монгол” хэмээх том төслийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэсэн.
 
Тасарсан холбоо, гээгдсэн харилцааг өргөн дэлгэр утгаар нь энэ залуу халуун амьсгаатай нь хамт гаргаж ирэн дэлхий даяар тархсан монгол цустнуудад үзүүлсэн. Бүгдэд мэдрүүлсэн. Ингэснийхээ төлөө харин энэ хүн өөрийхөндөө гал ярьдаг галзуу, эв нэгдэлд уриалдаг элий, баахан хүн дуудсан балай гэж л чичлүүлсэн. Монгол улс баярлалаа ч гэж хэлээгүй !
Харин ч бүр “Хамаг Монгол” төслөөр тавигдсан, халуун цусаа огшоож хийсэн үзүүлбэрүүд, санаануудыг нь эрээ цээргүй хулгайлцгаасан. Найруулагч нэртэй төрөөс мөнгө хусагчид хэдэн ч наадмаар гангарав даа.
Ганц том үр дүн нь Монгол төрийн наадам галтай болсон. Халимаг,Тува, Буриад, Өвөрмонгол тэргүүтэй монгол туургатны уран бүтээлүүд эгшиглэдэг болсон. Үр дүн яах аргагүй мөн юм даа. Бүгд “Хамаг Монгол” төслөөр сэрсэн, тэгээд “идеи”-г шууд хуссан. Гашуун боловч үнэн шүү. Гэхдээ С.Жавхлан ган хийж үг хэлээгүй.
 
Тэр тэрслүү. Энэ үнэн. Тэнэгүүдэд, эх орноо тоногчдод тэрслүү. Тийм болохоор гадагшаа улсаа муулж, дотогшоо элэг рүү нь тийрч явдаг савдгуудтай түүнийг зүйрлэх боломжгүй гэж би боддог.
 
Үзэл санаатан байж чаддагийнх нь төлөө уран бүтээлд нь хүйтэн ханддаг Төр байж болохгүй. Иргэнээ үзэл санааных нь төлөө ялгаварладаг, хийж буй уран бүтээл, үйл хэргийг нь хамтад нь хялайдаг Төр байх ёсгүй гэж би мунхаглан боддог.
Өнөөдөр түүнд Халимаг Улс гавьяат жүжигчин цолоо хүртээлээ. Буриад улс түүнд “Буриадын гавьяа” хэмээх нэр хүндтэй шагналаа мөн гардуулж байлаа. Тува улс түүнд гавьяат жүжигчин цол хүртээж байв...Энэ бол сайхан явдал шүү дээ.
 
“Хамаг Монгол “ төсөл хамаг монголыг хуйлруулсан. Юу үнэн. Энэ үнээн…Хайртай Монгол нь харин сэтэрхий тэвнэ ч өгөөгүй.
 
Түмэн олныхоо түрлэгэн дунд, тэрлэгэн дотор нь явдаг Самандын Жавхлан ину... Монгол Улсын Ардын жүжигчин болоорой.  Чиний зүтгэсэн зүтгэл Чингис хааны одонг тэртээ тэргүй “зүүчихсэн” билээ…
 
Сэтгүүлч Г.Ганчимэг