Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.10.31 11:11
1561
З.Лхагвасүрэн: 8000 гаруй хүнд зүрхний титэм судсан дотуурх эмчилгээ хийсэн

Манай өнөөдрийн өглөөний зочинд мэргэжлээрээ түмэндээ овоглогдсон Монгол улсын гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор З.Лхагвасүрэн оролцлоо. Түүний хувьд Монгол улсад судсан дотуурх мэс заслыг нутагшуулсан хүмүүсийн нэг юм.

-Сайн байна уу, урилгыг маань хүлээж авч ирсэн танд маш их баярлалаа. Судсан дотуурх эмчилгээ хийгдэж эхлээд 24 жил болжээ. Энэ хугацаанд тоног төхөөрөмж, хангамж хэрхэн сайжирсан бэ?

Зүрх судасны өвчин жил ирэх тусам нэмэгдэж байна. 2022 оны судалгаагаар Монгол улсын өвчлөлийн 22,9 хувийг зүрх судасны өвчин эзэлж байсан бол одоо 30 орчим хувь болж өссөн.

Зүрх судасны оношилгоо анх төрөлхийн гажгийн оношилгоогоор эхэлж байсан. Техник, тоног төхөөрөмжийн хувьд 1969 оноос хойш аппарат 7 удаа шинэчлэгдсэн. Гуравдугаар эмнэлэгт гэхэд л 2022 онд шинэчлэгдсэн гурван аппарат ажиллаж байна.

Титэм судсан дотуурх мэс заслын эмчилгээ 2000 онд хийгдэж эхэлсэн. Зөвхөн манай эмнэлэгт 2000 оноос хойш 24330 шинжилгээ хийж,  13600 орчим хүнд стент тавих эмчилгээг хийсэн.

2020 оноос эхлэн хөдөө орон нутагт оношилгоо эмчилгээний аппаратууд тавигдсан. Үүний үндсэн дээр 2024 оны долоодугаар сарын 31-нд ЭМЯ-аас бүсийн оношилгоо эмчилгээний төвд “Үндэсний баг” байгуулж зүрх судасны өвчин, хавдар зэрэг өвчнийг хэрхэн оношлох, эмчлэх зөвлөгөөг өгсөн.

-Сүүлийн жилүүдэд зүрхний өвчлөл нэмэгдэж байна. Тэр дундаа зүрхний хэм алдагдал нэмэгдэж байна гэсэн судалгаа бий. Үүний шалтгаан юу вэ?

110 гаруй зүрх, судасны өвчин бий. Үүний нэг нь зүрхний хэм алдагдал. Зүрхний хэм алдагдал олон шалтгаантай. Төрөлхийн, удамшлын, өвчний улмаас зүрхний хэм дамжуулах систем дээр гэмтэл үүсдэг.

2013 онд манай улсад зүрхний хэм алдагдлын лаборатори нээгдсэн. Гадаадад л хийгддэг байсан хэм алдагдлын эмчилгээг Монголд хийж эхэлсэн.

Манай эмнэлэг зүрхний гурван төрлийн эмчилгээ хийхээс гадна хэвлийн хөндийн эрхтний судсан дотуурх эмчилгээг хийдэг. Тархины судаснаас эхлээд хөлийн ул хүртэл бүх судсанд эмчилгээ хийдэг. Манай эмч нарын чадвар сайн гэхдээ ажиллах хүчин бага байна.

Улсын эмнэлгүүд 2015 оноос эхлэн 100 хувь үнэ төлбөргүй стент тавих эмчилгээг хийж эхэлсэн. Сүүлийн 5 жилийн судалгааг гаргахад зөвхөн гуравдугаар эмнэлэгт зүрхний титэм судасны өвчинд 2000 гаруй хүнд хагалгаа хийж,  1000 гаруй өвчтөнд стент тавьсан. Хувийн эмнэлгүүд ЭМД-аас тодорхой хэмжээний мөнгө авдаг хэр нь өвчтөнөөс өндөр төлбөр авдаг болохоор дийлэнх ачаалал манай эмнэлэгт ирдэг.

Манай эрүүл мэндийн салбарын системийн алдаа нь урьдчилан сэргийлэх биш өвдсөн хүнийг л эмчилнэ гэдэг. Төлөвлөгөөт оношилгоог 40-50%-д нь хийгээд өвдөхөөс нь өмнө эмчлэх ёстой. Гэвч төсөв хүрэхээ болихоор төлөвлөгөөт оношилгоогоо зогсоо гэдэг. Тэгээд шигдээс болсных нь дараа эмчлэх юм уу гэмээр!

Даатгалын системд хэдэн хүн эмчлэх ёстой гэж зааж өгдөг. Өвчтөн ирэхээр квот дүүрсэн гээд эмчлэхгүй байх юм уу. Энэ бол буруу систем.

-Өнгөрсөн 24 жилийн хугацаанд нийт хэдэн хүний алтан амь насыг аварч, амьдрах хугацааг нь уртасгасан бэ?

Би 8000 гаруй хүнд зүрхний титэм судсан дотуурх эмчилгээг хийж, 4200 хүнд элэгний хавдар бөглөх эмчилгээг хийсэн. Бусад эмнэлэгт хийгдсэн тоог нийлүүлбэл 9000 орчим хүний амь насыг аварсан байна.

Өвчтөнүүд хагалгааны дараа гамаа сайн барьж, эмчийн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хийж, эрүүл амьдарвал стент  тавиад 20 гаруй жил болсон хүн ч бий.

-Өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Өвчлөлд газар нутгийн онцлог, агаарын бохирдол, хувь хүний амьдралын хэв маяг гээд олон хүчин зүйл нөлөөлнө. Залуучууд электрон тамхи, тамхийг ихээр хэрэглэж байна. Энэ нь өвчлөлийн бас нэг шалтгаан.  Идэвхтэй, эрүүл амьдралын хэв маяг маш чухал.

Шууд дамжуулалтыг үзэх: