Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.11.05 10:28
2220
Т.Баясгалан: Бусдад интернэт банкаа ашиглуулж олсон 100 мянга маргааш таны аав ээжийн 1 сая төгрөгтэй тэнцэнэ

Цахим орчин хөгжих тусам үүнийг дагасан гэмт хэргийн гаралт нэмэгдсээр байна. Үүний нэг жишээ нь телеграмм юм. Тодруулбал, телеграммаар 4 сарын хугацаанд 10.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ЭЦА-ны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөг Т.Баясгалантай ярилцлаа. 

-Цахим орчин хөгжихийн хэрээр үүнийг дагасан олон төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна. Тэгэхээр эхний хэдэн сарын байдлаарх тоон мэдээллээр ярилцлагаа эхэлье

-Цагдаагийн байгууллагад энэ оны 3-р улирлын байдлаар нийт 32 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс залилах гэмт хэрэг 8 мянга орчим бүртгэгдсэн. Харин цахимаар залилах гэмт хэрэг мянган нэгжээр бага буюу 7 мянган хэрэг бүртгэгдсэн.

-Цахимаар үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд дотроо олон төрөлтэй үйлдэгдэж байна. Бага насны хүүхдийг хүртэл уруу татах хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд байна. Энэ тал дээр та мэдээлэл өгнө үү

-Цахим орчинд нийт агуулгаараа 4-5 гэмт хэрэг байнга үйлдэгдэж байна. Үүнд, Цахим орчинд залилах, бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, худал мэдээлэл тараах, хувь хүний нууцад халдах гэмт хэргүүд байнга бүртгэгддэг. Саяхан гарсан нэг хэрэг байгаа. Иргэн Г гэж сэжигтэй этгээдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 132 цахим хаягтай чаталж, садар самуунд уруу татсан, садар самууныг сурталчилсан үйлдэл нь тогтоогдож, шүүхээр тус хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдсэн байгаа.

Бага насны хүүхдүүд цахим орчинд facebook, like, tik tok гэх мэт аппликейшнээр дамжуулж тухайн гэмт хэрэгтэнтэй танилцаж, харилцсан нь тогтоогдсон.

-Теллаграм орчинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо өссөн байна. 4 сарын байдлаар л гэхэд 10.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. 25-аас дээш насны санхүүгийн боломжтой иргэд илүү их хохирч байгаа талаар мэдээлэл байна. 

Манай улсад энэ оны 7-р сараас эхлэн теллаграм ашиглан залилах гэмт хэрэг маш их үйлдэгдэж байна. Тухайн гэмт хэрэгтнүүдийн үйлдлийн аргаар нь аваад үзвэл “Цахим орчинд та даалгавар биелүүл, даалгавар биелүүлснээр таны байршуулсан мөнгийг 50 дахин эсвэл 2 дахин нугалж өгнө” гэдэг. Жишээ нь, Би эхний ээлжид 30 мянган төгрөг тавилаа гэхэд даалгавар биелүүлээд 60 мянган төгрөг авна. Тус гэмт хэрэгт 25-аас дээш насны гээд байгаа ч санхүүгийн боломжтой хүмүүс өртөж байна. Харин 25-аас доош насны залуу иргэд цахим орчинд өөрсдийгөө хамгаалах чадвар сайтай байдаг.

Нийт 4 сарын хугацаанд 600 гаруй иргэнээс 10.3 тэрбум төгрөг залилсан. Хамгийн өндөр хохиролтой нь 43 удаагийн үйлдлээр 190 гаруй сая төгрөг залилуулсан нь бүртгэгдээд байгаа.

Тиймээс нэн шаардлагагүй бол теллеграмаа утсан дээрээсээ устгах, зайлшгүй хэрэглэх шаардлагатай бол тохиргоог нь өөрчлөхийг зөвлөж байна.

-Зарим иргэд өөрийн интернэт банкаа гэмт этгээдэд зарсан, ашиглуулсан тохиолдлууд гарсаар байна. 

-Иргэд интернэт банкаа бусдад ашиглуулдаг. Мөрдөн шалгах ажиллагаа явуулаад үзэхээр тухайн хүн өөрөө энэ гэмт хэргийн хохирогч болсон байдаг. 10 гаруй сая төгрөгөөр хохирчихсон. Тэр мөнгөө олж авахын тулд интернэт банкаа тэр гэмт этгээдэд өгчихсөн. Иргэн өдөр 50 сая төгрөгийн лимиттэй байдаг. Тус гүйлгээний 0,2 хувийг өөртөө цалин болгож авдаг. Мөн цахим орчинд интернэт банкаа ашиглуулаад 7 хоногт 100-200 мянган төгрөг аваарай гэдэг зар явдаг. Тухайн зарын дагуу иргэд интернэт банкаа ашиглуулж, нууц үгээ гэмт этгээдэд өгчихдөг.

Гэвч дараа нь гарч болох эрсдэлээ тооцоолдоггүй. Таны интернэт банкийг ашиглаад, таны ойр дотнын хүмүүсийг залилдаг.Өнөөдрийн 100 мянган төгрөг маргааш таны аав, ээжийн 1 сая төгрөгтэй тэнцэнэ. Үүнийг иргэд ойлговол энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурах боломжтой. 

-Гэмт хэрэгтэнд дансаа ашиглуулж, залилан хийхэд нь тусалсан этгээдэд ямар хариуцлага тооцдог вэ

- Одоогийн байдлаар ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй. Цагдаагийн байгууллага Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран санамж бичиг байгуулснаар энэхүү хуулийн зохицуулалтыг гаргаж ирэх, хэрэгжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулан ажиллаж байгаа.

Шууд дамжуулалт: