Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.11.11 14:04
3892
Интермэд эмнэлгийн үйлчлүүлэгч: Хүний эмзэг мэдээлэл задарчхаад байхад эмнэлгээс нэг ч холбогдоогүй!

Хан-Уул дүүргийн 19-р хороонд байрлах Монголын томоохон хувийн "Интермэд" эмнэлгийн сайт хакер халдлагад өртөж, үйлчлүүлэгчдийнхээ хувийн мэдээллийг алдаад буй. Тодруулбал тус эмнэлгээр үйлчлүүлсэн 230 мянга гаруй үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг ОХУ-ын SpaceBears гэх хакер бүлэглэлд алдсан бөгөөд, 50 мянган долларыг нэхэмжлээд байгаа аж. Уг мэдээлэлд хүний эмзэг мэдээлэл буюу овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар болон өвчний түүх бүгд багтаж буй.

 

Тус эмнэлгийн зүгээс "Интермед эмнэлэг цахим халдлагад өртсөний улмаас системийн үйл ажиллагаа доголдож, хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдал үүссэнд үйлчлүүлэгч та бүхнээс хүлцэл өчиж байна. Холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, хүний хувийн мэдээлэлд хамаарах өгөгдлийг олон нийтэд задруулахаас сэргийлж, шаардлагатай арга хэмжээг авч байна" хэмээн мэдэгдсэн юм.

Бид зарим үйлчлүүлэгчидтэй холбогдож уг хэргийг тодруулахад "Үүсээд байгаа асуудлын хүрээнд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт өргөдөл гомдлоо өгсөн. Эмнэлгийн зүгээс санаа зоволтгүй, удахгүй холбогдоно гэсэн ч холбогдоогүй байна" гэсэн юм. Харин өөр хоёр ч үйлчлүүлэгчтэй холбогдоход мэдээлэл задарсан талаар мэдээгүй байсан бөгөөд эмнэлэгтэй холбогдоод хариу өгнө гэлээ.

Харин мэдээллийн технологийн инженер Г.Ирээдүй уг асуудалд "Цахим орчинд байршсан эмнэлгийн болон нийт харилцагчдынх нь бүхий л мэдээллийг өгөгдлийн санд нь нэвтэрч авсан бололтой. Зар дээр 50 мянган доллароор зарна гэж байгаа нь шууд утгаараа Интермэд эмнэлэг худалдаж ав, эс бөгөөс 230 мянган хэрэглэгчийн мэдээллийг задруулна гэдэг сүрдүүлэг байна.

Хэдийгээр тус эмнэлэг худалдаж аваад мэдээллийг задруулахгүй байлаа ч эдгээр мэдээллийг хадгалж буй хакер бүлэглэлд нийт хэрэглэгчдийн мэдээлэл үүрд үлдэнэ гэсэн үг. Үүнийгээ Black Market буюу далд хар зах дээр зарах үгүйг хэн ч мэдэхгүй. Иймд иргэдийн онцгой, эмзэг мэдээлэл хадгалж буй байгууллага бүр кибер аюулгүй байдлаа анхаарч, түүндээ төсөв, протоколтой байх ёстой гэдгийг маш тодоор харуулж байгаа юм" гэжээ.

Дээрх хэргээс дүгнэхэд, Интермэд эмнэлэгтэй холбоотой олон асуудал үүсдэг ч яаж ийгээд уснаас хуурай гарч үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байдаг, үйлчлүүлэгчдээ өвчтөн гэж харахаас илүү мөнгө хэмээн хардаг гэх гомдлууд тасрахгүй явдаг ч энэ удаагийн хэрэг тэдэнд томоохон цохилт, анхааруулга болсон гэхэд буруудахгүй. Хүний өвчний түүх, хувийн мэдээлэл гэдэг онц чухал эмзэг зүйл тул тус эмнэлгээс ямартай ч ганд мэдээлэл цахимаар цацаад өнгөрөхгүй, хариуцлагатай хандана гэдэгт найдаж байна!