Монгол Улсын усны нөөц багасч, гол горхи ширгэж байгаа. Энэ асуудлаар Усны газрын дарга З.Батбаяртай ярилцлаа.
-Ундны усны нөөц багасч байгаад бид анхаарлаа хандуулах цаг иржээ. Ундны усны эх үүсвэрийг гамнах, хамгаалахын тулд ямар арга хэмжээ авах вэ?
-Манай улсын нийт усны нөөцийн 70 гаруй хувь нь нуурууд. Нийт усны ихэнх нөөц нууранд байна. Хөвсгөл нуур бол Монгол Улсын цэвэр усны нөөцөд гол үүрэг гүйцэтгэдэг. Үүний хажуугаар Байгаль нуур руу цутгадаг. Байгаль нуур нь дэлхийн ундны усны нөөцийн 20 хувийг дангаараа бүрдүүлдэг. Ийм ч утгаараа Хөвсгөл нуур, Байгал нуур хоёрыг эгч дүү нуур нэлцдэг. Эдгээр нуурыг холбож байгаа хоёр хүчин зүйл бий. Газрын доогуур холбогдож буй байдал үүнийг тогтоож хараахан чадаагүй ч нөгөөх нь Эгийн гол. Тэгэхээр голыг хамгаална, нуурыг хамгаална гэдэг үгний цаад утга нь хүн төрөлхтөн устай байх уу үгүй юу гэдгийг шийдэх асуудал юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд хөв цөөрөм барих төсөл хэрэгжүүлэхээр зорьж, төсөв батлуулахаар түлхүү ажиллаж байна.
-Ундны ус бохирдож, ширгээд байгаа цаад нарийн шалтгаан юу вэ?
-Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай цэнгэг усны нөөц болсон мөнх цас, мөс хайлж, энэ хэрээр далайн усыг нэмж, түвшин нь дээшилсээр байна. Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл эх газрын зарим нутаг хумигдах янз бүрийн таамаглал яригддаг. Яг үүнтэй зэрэгцээд ундны ус багасаж байна гэсэн үг. Өнөөдрийн энэ үзүүлэлтээрээ мөнх цаст уулууд хайлах юм бол 2050 он гэхэд хайлж дуусна. Энэ хүртэлх цаг хугацаанд Алтайн нуруун дахь мөнх цас хайлж дуусах хүртэл бүх голууд үерлэж Баян-Өлгий аймгийн Өлгий хот, Ховд сум зэрэг газрууд усанд автана. Харин 2050 онд голууд ширхэж хатаж эхэлнэ. 2050 он гэхэд мөнх цас хайлж, 2055 онд эх нууруудыг хотгорын нуурууд ширгэх юм бол одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэрийн гуравны нэг нь экологийн сүйрэлд орно. Хөвсгөл нуурын усыг ууж болж байгаа ч бохирдвол мөн л уухаа болино.
Дэлхий дээрх усны хэмжээ багасаагүй, харин уух ус маань бохирдож хомстоод байгаа юм шүү дээ.Тиймээс гол, нуураа хамгаалъя гэж уриалж байгаа нь энгийн амьдрал дээр буухаар нөгөө л нэг хөв цөөрөм барих асуудал болж хувирдаг.
-Хөв цөөрөм гэдэг шинэ нэр томъёо гарч ирж байна. Үүнийг уншигчдад тайлбарлахгүй юу?
- Энэ бол шинэ асуудал биш бөгөөд 2010 оноос булгийн эхийг хашдаг байсан. Үүнийг шатлан байгуулж усыг хамгаалснаар булгийн усаа улам тэжээнэ гэсэн үг. Эдгээр усыг хаагаад жижиг нуур үүсгэх зарчмаар ажиллахыг хэлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай улсад 333 нуур буюу сум бүрт нэг хөв цөөрөм барихаар төлөвлөж байна. Гэтэл энэ нь сум бүрийн нөхцөл байдлаас шалтгаалаад өөр өөр хэмжээ, өртгөөр баригдана. Дунджаар нэг хөв цөөрөм 30-700 сая төгрөгийн өртгөөр баригдах тооцоо судалгаа гарсан.
-Хөв цөөрөм байгуулснаар ямар ач холбогдолтой вэ?
-Байгалийн хүнд нөхцөлд ажилладаг уул уурхайн компани 60 мянган мод тарьсан ч ургаагүй нь усалгаатай холбоотой. Иймээс хөв цөөрөм байгуулаад түүнийгээ дагуулж мод тарих саналыг Ойн газарт тавьсан.
Сайнаар харвал 333 хөв цөөрөм байгуулаад цөөрмөө дагуулж 1000 мод тарихад л 333.000 мод нэг жилийн дотор ургана. Мэдээж хөв цөөрмөөс усалгааны асуудал шийдэгдэнэ. Хажуугаар нь ундны цэвэр усаа хэмнэнэ.
Нэг удаагийн их хэмжээний борооны усаар Улаанбаатар хотын 317,000 дээврээр 669,000 м куб ус урсчихдаг. Үүнийг хуримтлуулах боломж бий. Энэ нь Өмнөговь аймгийн Даланзадгад хотын усны жилийн хэрэглээтэй дүйцэж байна. Гэвч бид энэ усыг нөөцлөхгүйгээр урсгаж өнгөрөөгөөд байвал зориулалтын бус газар барьсан барилга байгууламжууд нурна, усанд автах аюултай.
-Хөв цөөрөм барих төслийн төсөв ирэх оны улсын төсвөөс гарах уу, олон улсын байгууллагаас санхүүжих үү?
-Азийн хөгжлийн банкаар дамжаад олон улсын байгууллагаас 333 цөв цөөрөм барихад зориулсан 5 сая долларын хөрөнгө оруулалтыг шийдүүлэхээр ярьж байна. Одоогийн байдлаар ухаалаг хөв цөөрмийн загварын Англи улсын мэргэжилтэнтэй хамтран боловсруулахаар бэлтгэж байна. Тэр загварын хүрээнд эхний ээлжинд 30-аад хөв цөөрөм барихаар төлөвлөж байна.