Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.11.12 13:06
3868
Сонгуульд өвдөг шороодогсод гишүүний туслах болж айлчлал нэрэн дор амарч зугаалсаар байх уу

Их хурлын сонгуульд өвдөг шороодсон эрхмүүд сайд, дарга, гишүүдийн зөвлөх болдог уламжлалтай. Харин энэ удаагийн парламент 126 гишүүнтэй болсон. Тэгэхээр хамгийн багаар бодоход 126 гишүүн 126 зөвлөхтэй байна гэсэн үг. Харин зарим гишүүдийн хувьд нэгээс олон зөвлөхтэй байдаг. Үүн дээр ерөнхийлөгч, ерөнхий сайдын зөвлөхүүдийн тоо нэмэгдэнэ.

Хамгийн гол нь зөвлөхүүд яг юу хийдэг вэ гэх асуулт ихээхэн сонирхол татна. Тэд зөвлөсөн шиг зөвлөж чаддаг уу. Эсвэл зүгээр л зөвлөсөн нэрэн дор дагалдан явж амарч зугаалж, ядаргаагаа тайлаад ирдэг үү.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 4-7-ны өдрүүдэд Хятадын олон улсын импортын VII ЭКСПО-д оролцохоор Шанхайг зорьсон. Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын хэсэгт Засгийн газрын есөн гишүүн, УИХ-ын 11 гишүүн багтжээ.

Тодруулбал,

1.Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр

2.Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд

3.Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан

4.Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний, Үндэсний хорооны дарга Э.Одбаяр

5.Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга

6.Монгол Улсын сайд,  20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн

7.Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан

8.Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан

9.Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү

10.УИХ-ын гишүүн Ч.Ундрам

11.УИХ-ын гишүүн С.Ганбаатар

12.УИХ-ын гишүүн Б.Энхбаяр

13.УИХ-ын гишүүн Ж.Золжаргал

14.УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан

15.УИХ-ын гишүүн Б.Батбаатар

16.УИХ-ын гишүүн Б.Жаргалан

17.УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу

18.УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц

19.УИХ-ын гишүүн Д.Ганбат

20.УИХ-ын гишүүн Б.Найдлаа

21.УИХ-ын гишүүн Э.Болормаа

22.УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа гэсэн  бүрэлдэхүүнтэй УИХ, Засгийн газрын 22 гишүүн Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалд багтжээ.

Мөн тус айлчлалд Ц.Туваан сайдын зөвлөхөөр С.Эрдэнэ, Ш.Адьшаа, П.Галиндэв гэх мэт улс төрөөс явж чаддаггүй эрхмүүд ч багтан зөвлөнгөө амарч, зугаалж яваад ирсэн сурагтай.

Харин ахин нэг сонин дуулгахад УИХ-ын гишүүн асан П.Анужин ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 12 зөвлөхийн нэгээр өнгөрсөн 9-р сард томилогдоод байгаа аж.

Гишүүн өөрөө зөвлөхөө томилдог. Ажлаа хэрхэн хийж буйг нь гишүүн өөрөө л хянана. Тэгэхээр энэхүү юу ч хийдэггүй атлаа цалин авдаг ажилд ах дүү, хамаатан садан, найз нөхдөө авч төрийн албыг төрлийн алба болгогсод олширсоор  байна. Бие биедээ ээлжилж зөвлөх нэр дор төрийн мөнгөөр туйлж зөөлөн сандал, ширээний төлөө амь тавин гүйлдсээр л...

Гэвч эдгээр зөвлөх гэх сэтэртэй эрхмүүд яг юу зөвлөж гийгүүлсэн нь өнөөдөр ч тодорхойгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөхүүд эдийн засаг, эрүүл мэнд, эрх зүй гэх мэтчилэн тодорхой зүйлүүдийг зөвлөдөг. Харин парламентад олон жил шигдэн суусан ч хийх ёстой ажил, амлалтаа цаг тухайд нь хийж үзээгүй эрхмүүд одоо яг юу зөвлөх нь ч эргэлзээтэй. Тиймээс шинэ залуу үедээ халаагаа өгч, улс төрөөс холдож сурах л хэрэгтэй байна.