Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.11.13 10:47
2488
П.Мөнхтулга: Ард түмний бүсийг чангалуулчхаад өөрсдөө бүсээ чангалдаггүй

УИХ-ын гишүүн П.Мөнхтулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

2025 оны Улсын төсөв дээр 126 гишүүнтэй шинэ парламент, тэр дундаа шинэ гишүүд хэр бодитой хандав? 

126 гишүүнтэй парламент анхны төсвөө баталлаа. Цоо шинэ дэгийн тухай хуулиар, урьд нь хэн ч хэрэгжүүлж байгаагүй хуулиар төсвөө баталлаа. Дэгийн тухай хуулиа бүрэн дүүрэн гишүүддээ танилцуулж амжаагүй байтал шууд хуралдаанууд явагдлаа. 

Хоёрдугаарт, дэгийн тухай хууль гишүүдэд үг хэлэх эрх нь нээлттэй биш байгаа. Хамгийн энгийнээр хэлэхэд гишүүд бүлгээсээ зөвшөөрөл авч үг хэлж байна, хэн дуугарах хэн дугарахгүйг бүлэг шийдэж байна гэсэн үг. Бүлэг зөвшөөрөхгүй бол яах вэ? бүлгийн дарга нь тухайн гишүүнд субьектив хандвал яах вэ? гэдэг асуудал гарч ирнэ. Үгсэн тохиролцож, олуулаа хайрцаглаж орж ирнэ.

Монгол Улсын Их хурлын гишүүний эрхийг зөвхөн хуулиар зохицуулна гэсэн заалт байдаг. Гэтэл дэгийн тухай хуулиар гишүүний хэлэх үгний урт, богиныг Их хурлын даргын зөвлөл батлаад байна. Ерөнхийдөө дэгийн тухай хууль үндсэн хуулиа зөрчсөн. 

Танай намын дарга хэрхэн хандав? үгээ хэлэх боломжид хязгаар тавьсан уу? Танай нам хамтарсан ЗГ-т орсон шүү дээ? 

Манай нам хамтарсан Засгийн газарт орох нь зүйтэй, орохгүй гэсэн байр суурьтай янз бүрийн гишүүд байсан. Яах гэж хамтарсан бэ? гэдгээ эхлээд ярих ёстой. хамтарсан зорилго бол "Хөгжлийн төлөөх зориг" гэдэг малгайн дор зоригтойгоор бие биеийхээ ажилд саад тушаа болохгүйгээр том төслүүдийнхээ ард гарах нь чухал. 

Төсвийн тухай хууль дээр нөгөөх "Хөгжлийн төлөөх зориг" чинь байхгүй болчихсон. Эдийн засгийг солонгоруулна гэж яриад л байдаг. Өдрөөс өдөрт нүүрсний үнэ унаад байхад бурханд найдсан төсөвтэй явдаг. Ирэх жил нүүрсний үнэ өндөр байгаасай, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байгаасай гэж залбирдаг. Тэр нь унавал төсөв алдагдалтай байдаг. Хэдий болтол улсаараа бурханд найдаж явах вэ? Тийм биз.. 

Түүхэнд байгаагүй өндөр дүнтэй төсөв баталлаа. Ийм их мөнгөтэй болчхоод үүнийгээ яагаад аж үйлдвэрийн салбартаа хөрөнгө оруулалт хийхгүй байгаа юм, яагаад өнөөх зоригоо гаргахгүй байгаа юм.  Бид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээрээ л амьдрах чадвартай улс болно. Хөдөлмөрийн зах зээлийн 21 хувь нь хөдөө аж ахуйн салбараас амьжиргаагаа болгож байгаа. Хөдөлмөрийн зах зээл гэдэг бол мянган мэргэжил, түүний 5/1 нь ХАА-н салбараас амьжиргаагаа залгуулж байхад энэ салбартаа ямар ч хөрөнгө оруулалт хийхгүй байна. 

Үнэтэй гутал, цүнх болчих арьс ширийг зүгээр л жалганд хаяж байна. Гадаа гандаж, хөдөө хөхөрч яваа иргэдийн хөдөлмөр юу ч биш болоод хог дээр хаягдаж байна. 

Бүх боломж байхад хийхгүй байна. Төсвийн хэлэлцүүлэг дээр анхнаас нь л Дарханы арьс ширний үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг тавиад өгөөч гэж ярьсан. 

2025 оны Улсын төсөв дээр ХАА-н салбарын төсөв хэр тусгагдсан гэж харж байна? Олон төсөл, хөтөлбөрүүд дээр ямар байр суурьтай байна? 

Би шинэ хоршоо хөдөлгөөнийг ойлгохгүй байна. Малчид бол үйлдвэрлэгч, малын гаралтай бүтээгдэхүүнүүд нь зах зээл дээр эрэлт байхгүй. Тэгэхэд дахиад зээл өгөөд өгөөд байдаг. Зээл авлаа гэхэд малчдын гаргаж байгаа бүтээгдэхүүн зах зээл дээр эрэлт байхгүй байхад үнэ цэнэгүй хэвээр байна. 

Эрэлт+Нийлүүлэлт хоёр харилцан хамааралтай шүү дээ. Урьд нь нэг нэгээрээ зээл аваад, монгол даяараа л зээлтэй. Одоо нийлж нэгдээд зээл аваад сайжирна гэж бодоод байгааг ойлгохгүй байна. 

Төсвийн тухай хуулиар нэг шинэ хөрөнгө оруулалтыг 3 жил л дамнаж явах хууль бий. Зөвхөн цэвэрлэх байгууламж нь 2027 он хүртэл баригдах юм байна, тэгвэл эрчим хүч нь яах вэ? гэдэг асуудал... Нэг л дэд бүтэц нь дутуу бол үйлдвэрлэл явуулах боломж байхгүй.  Тэгэхээр 2027 он хүртэл арьс ширний үйлдвэр нь ашиглалтад орохгүй юм байна гэж харж байгаа.

Эдийн засаг солонгорохгүй, арьс ширээ жалганд хаясан хэвээр л байна. Цогцоор нь харж 2027 он гэхэд бүгдийг нь ашиглалтад оруулъя гээд зүтгэх ёстой. 

Ирэх оны инфляцыг өөдрөгөөр харах шаардлага байна уу? 

80 сая тонн нүүрс борлуулна гэдэг бол маш их тоо. Үнэндээ боломжгүй гэж харж байна. Ганцмод-Гашуунсухайтын төмөр замыг нээнэ гэж тооцож байгаа юм байна.  Ер нь л найдсан, азаа үзсэн тоо юм л даа. Азаа үзэж, бурханд найдаж түгшсэн төсөв. Төсвөө аль болох эрсдэл багатай, урсгал зардал, тансаглал, тавилга, тоног төхөөрөмж зэргээ нэг удаа тэвчих шаардлагатай. 

Улс төрч нар хэлдэг, бүсээ чангалъя ард түмэн минь гэдэг. Ард түмний бүсийг чангалуулчхаад өөрсдөө бүсээ чангалдаггүй. Юуны тулд хамтарсан Засгийн Газар байгуулагдсан билээ. Энэ жил өөрсдөө бүсээ чангалах л хэрэгцээ байсан. Бүсээ чангалсан зөрүүгээрээ ард түмнийхээ төлөө үйлдвэрээ бариад өгвөл 2027 оноос хойш дэлхийн хэмжээнд малынхаа түүхий эдийг экспортлоод эхэлбэл түгшүүрт байдлаасаа сална.  Бүтэн улсаараа түгшүүрт байдлаасаа салъя аа л гэсэн үг.

Ярилцсанд баярлалаа.