Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.13 14:22
2368
Жью Жицүгийн ДАШТ-нд Дундговь аймгаа төлөөлөн амжилттай оролцсон тамирчид нутагтаа ирлээ

Ид шидийн орон – Дундговь хүүхэд хөгжил, хамгааллын төвийн Х.Пүрэвдэлгэр багштай жюү жицүгийн тамирчид болох Говийн ирээдүй сургуулийн сурагч Д.Гандорж, М.Эрхсаран Эрдмийн далай сургуулийн сурагч Ө.Цэрэнжаргал нар энэ сарын 5-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон жью жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, -44 кг жинд М.Эрхсаран хүрэл медаль хүртсэн юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид маань эх нутагтаа ирж, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар болон Ид шидийн орны удирдлага, ажилчид, сайн дурынхан, жью жицү сургалтын тамирчид, эцэг эхчүүд тэдэнд баяр хүргэн, халуун дотноор тосож авлаа.

Энэ үеэр аймгийн удирдлагууд Ид шидийн орон – Дундговь хүүхэд хөгжил, хамгааллын төвийн үйл ажиллагаатай танилцан, цаашид бүх талаар хамтран ажиллаж, жью жицү болон тус төвд хичээллэдэг спортын сургалтуудыг хичээллэх байраар хангахаа илэрхийлэв.

Жью жицүгийн сургалт нь 2022 оны 11 сараас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд одоо 50 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэй тогтмол хичээллэж байна. Мөн 2023 оноос гадаад, дотоодын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож, 2023-2024 оны хооронд нэрэмжит болон улс олон улсын тэмцээнүүдээс нийт 28 алт, 32 мөнгө,33 хүрэл медалийн эзэд болж, зургаан хүүхэд улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн амжилт үзүүлсэн юм.  Түүнчлэн 2023 онд гурван хүүхэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон байна.