Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2024.11.13 14:31
1437
Ц.Баатархүү: Интермед эмнэлэгт есөн мэргэжилтэн ажиллаж, барьцаалагдсан серверүүдийг сэргээж байна

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Кибер аюулгүй байдлыг хамгаалах, кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр томоохон шийдвэрүүдийг гаргасан гэж ЦХХХ-ны сайд Ц.Баатархүү мэдээллээ.

Ц.Баатархүү: "Бид нэг эмнэлгийн асуудлыг хэвлэл мэдээллээр мэдээлээд өнгөрөх биш, улсын хэмжээнд мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогтолцоо бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгаа. НҮБ-ээс гаргадаг Кибер аюулгүй байдлаараа Монгол Улс 193 орноос 103-т ордог. Манай хамгийн муу оноо авч байгаа хэсэг бол техник технологийн ур чадвар, гадаад дотоодын хамтын ажиллагаагаараа муу үзүүлэлт авдаг.

Өнөөдрийн байдлаар Оксфордын их сургуультай хамтраад Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийн түвшинг тогтоох ажлыг эхлүүлээд байна. Хоёрдугаарт, онц чухал мэдээлэл хадгалдаг байгууллага кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох чиглэлийг ЗГ-аас гаргалаа. Гуравдугаарт, Улсын төсвийг батлахдаа кибер аюулгүй байдлын зардал гэдэг тусгай зүйл ангитай болж, технологийн шинэчлэл хийх шийдвэр гарлаа.

Интермед эмнэлгийг буруутгахаас илүү дахиж ийм халдлага гаргахгүй байх тогтолцоог яаралтай бүрдүүлэх нь хамгийн зөв арга. Тус эмнэлэг дээр кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн дөрвөн мэргэжилтэн барьцаалагдсан есөн серверийг сэргээх ажлыг хийж байна. Тус хакер бүлэглэл нь Европын эмнэлгүүдийн мэдээллийг барьцаалж байсан юм билээ. Бид өмнө нь хувийн эмзэг мэдээллийг хадгалдаг, дамжуулдаг бүх байгууллага дээр сургалт орж байсан. Бид кибер халдлагыг Монголоос хол гэж боддогт асуудал байна.