Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2024.11.13 18:38
805
Автобуснууд чиглэлийн номероо гаднаа хэлдэг байхыг хараагүйчүүд хүсч байна

Манай улсад 12600 харааны бэрхшээлтэй иргэд амьдардаг гэсэн судалгаа байна. Үүний 4000 орчим нь нийслэл Улаанбаатар хотод оршин суудаг. Хараагүй иргэдийн 1000 орчим нь бусдын тусламжгүйгээр хөдөлмөр эрхлэн амьдарч байгаа ч өглөө гэрээсээ гараад л их хотын дэд бүтцийн асуудлаас үүссэн бэрхшээлүүдтэй алхам тутамдаа таарч байна. Үнэндээ нийслэл хотын төлөвлөлтгүй барилгажилт, стандартгүй байдал хөгжлийн бэрхшээлтэй байтугай энгийн иргэний ч хөлийг мухарлаж байгаатай та ч санал нийлэх бизээ. Харааны бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ автобусны чиглэлийг заавал хүнээс, эсвэл жолоочоос асууж байж суудаг нь тэдэнд тулгарч буй хамгийн том бэрхшээл гэж байлаа. Харааны бэрхшээлтэй иргэдэд өдөр тутам тулгарч буй асуудлаар тэдний санаа бодлыг нь сонслоо.

Харааны бэрхшээлтэй иргэдийн багш н.Батзул : Зам засварын ажлын улмаас үүссэн овоолсон шороо руу унах тохиолдол гарч байсан 

Миний хувьд сул харааны бэрхшээлтэй. Өглөө оройд замын гэрэлтүүлэг муугаас таягтай явдаг. Гэтэл явган хүний замын стандарт бодит амьдралд нийцээгүйгээс болж замын хажуу тал руу хальт гишгэх эрсдэл байнга үүсдэг. Мөн зам засварын ажлын улмаас үүссэн овоолсон шороо руу унах тохиолдол гарч байсан.

Иргэн Н: Би бүрэн хараагүй. Явган хүний зам хэтэрхий нарийхан. Замд тулгаж барьсан гэрлийн шонгоос болж өдөрт 3-5 удаа мөр, нүүр, эргүүгээрээ шон мөргөдөг нь хэцүү байдаг.

Иргэн А: Монголд хараагүй хүн битгий хэл хараатай хүн ч амьдрахад хэцүү байна. Явган хүний зам дээр үүссэн нүх рүү унах, хөл гараа хугалах, гэмтэх эрсдэл өндөр байдаг.

Иргэн О: Гэрээсээ гараад автобусны буудал дээр очоод явах чиглэлийн автобусаа олж суухад хэцүү байдаг. Яагаад гэвэл ямар автобус ирж зогсож байгаа нь хараагүй надад мэдэгдэхгүй учраас ойр орчмын хүмүүсээс асууж суудаг. Яагаад автобус чиглэлээ 2-3 удаа хэлдэг гаднаа дуу хугаагууртай байж болохгүй гэж.

Иргэн С: Заримдаа автобусны чиглэл асуух үед жолооч дугараагүй тохиолдолд андуурч суух үе байдаг. Автобус дотор чиглэл хэлдэг шиг гадна талдаа ганц удаа ч болов чиглэлийг нь  хэлчихвэл бидний асуудал шийдэгдэнэ.

Хараагүйчүүдийн үндэсний холбооны нийгмийн ажилтан Ч.Амарзаяа:Бид автобусны чиглэлийг гадаа хүлээж байгаа иргэдэд  ядаж нэг удаа дуудаж, хэлж өгөхийг хүсч байна

Бид харааны бэрхшээлтэй иргэдээс судалгаа авч, харааны бэрхшээлтэй иргэд явган хүний замаар зорчиход ямар саад тулгарч байгаа талаар саналаа нэгтгэн АТҮТ-д хүргүүлсэн ч үр дүн гарахгүй байгаа. Бид автобусны чиглэлийг гадаа хүлээж байгаа иргэдэд  ядаж нэг удаа дуудаж, хэлж өгөхийг хүсч байна. Ингэснээр бидэнд тулгамдаад байгаа нийтийн тээврээр зорчиход гардаг хүндрэлийг шийднэ.