Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.11.14 12:48
1354
З.Батбаяр: Уранаас илүү ундны усны асуудал аюулын харанга дэлдэж байна

Туул голд хийсэн шинжилгээ, савлан үйлдвэрлэгч ААН-үүдийн шинжилгээний тайланг танилцууллаа.

Усны газрын дарга З.Батбаяр: Зайсан орчимд ундны уснаас гэдэсний савханцар илэрсэнтэй холбоотойгоор савласан усны хэрэглээ нэмэгдсэн. Иймд бид түүврийн аргаар савласан 19 усанд шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр ноцтой асуудал илрээгүй ч тус 19 уснаас гурав нь стандартад нийцсэн бол 16 нь их бага хэмжээгээр шаардлага хангаагүй нь тогтоогдсон.

Ундны ус нь стандартад яаж заасан яг тэр чигээрээ буюу илүү дутуу заалт байх ёстгүй ч харамсалтай нь 16 ус энэ мэдээллээс зөрсөн. 

Тэгвэл Улаанбаатар хотын хүн амын 50 хувь нь төвлөрсөн усан хангамжтай орон сууцанд, 50 хувь нь гэр хороололд амьдарч байна. Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн 20-30 хувь нь УСУГ-аас өөр газраас усаа авч байгаа учраас ундны усны талаар ярихаас өөр аргагүй боллоо.

Мөн ирэх долоо хоногт дэлхийн жорлонгийн өдөр болно. Манай хотын тал нь нүхэн жорлонд бие засаж байхад аз жаргалтай, гоё хот гэж хэлэхгүй.  Зайсан мэтийн газруудын бохироо цутгадаг танк нь эвдэрсэн гэх мэт асуудлуудаас болоод хүний өтгөнөөс гарч ирдэг дөрвөн төрлийн гэдэсний савханцар нянгаар хордсон байхад бид нар усны чанар гэдэг зүйлийг ярихаас өөр арга байхгүй. Ерөнхийдөө уран-аас илүү том аюул нь ундны усны аюул болоод байна. Ундны ус гэлтгүй савлагаатай уснууд буюу 2, 3 төгрөгөөр аваад 1000 орчим төгрөгөөр зарж байгаа уснууд нь стандартаа алдсан байгаа нь аюулын харанга дэлдэж буйг дурдах хэрэгтэй.

Нэгдүгээр гаргалгаа нь, худаг гаргаад усаа хангалаа гэтэл гэдэсний савханцартай ус ууж байна. Иймээс УСУГ-ын түгээгүүрээс усаа авах нь баталгаатай. Хоёрдугаарт нүхэн жорлонг яаралтай багасгах. Гуравдугаарт байшин барих гэж л байгаа бол цэвэр бохир усны шугамаа татахыг шаардах хэрэгтэй байна. Үгүй бол энэ аюул үргэлжилсээр байна.