Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.14 14:52
1307
Тэрбум тэрбумаар нь төсөвлөөд ч нийслэлчүүд утаандаа угаартсаар л байна

Өвөл болохоор утаа, түгжрэлийн асуудал Нийслэлчүүдийн толгойны өвчин болдог. Тэрбум тэрбумаар нь төсөвлөөд ч нийслэлчүүд утаандаа угаартсаар л байна.

Утааг бууруулахаар 2021 онд 30,9 тэрбум, 2022 онд 34,5 тэрбум, 2023 онд 39,2 тэрбумыг төсөвлөсөн байдаг. Гэвч утаа улам өтгөрсөөр, иргэд эрдэнэт амь насаа алдсаар байгаа нь харамсалтай.

Улаанбаатарын агаарын бохирдлоос үүдэн жилд 1400-4000 орчим хүн амиа алддаг бол үүний 15% буюу 210-600 нь хүүхэд байна гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ.

Мөн Олон улсын судлаачид зөвхөн манай улсад утаанаас үүдэлтэй элэгний хорт хавдар үүсгэгч шинэ төрлийн мутац бүртгэгдсэнийг зарласан. Сэтгэл сэртийлгэм олон тоо зүгээр л цаасан дээр бичигдэхээс биш ямар ч өөрчлөлт гарсангүй.

Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор сүүлийн гурван жилийн хугацаанд 456 тэрбум төгрөгийг зарцуулсан ч тоосонцрын хэмжээ л бага зэрэг буурснаас биш утааны хэмжээ буураагүй гэж аудитын газар дүгнэжээ. Төсөвлөөд, төлөвлөөд утаагаа шийдэж чадахгүй байна уу эсвэл төсөвлөсөн мөнгө нь буруу замаар урсаад байна уу...

Нийслэлд ирэх дөрвөн жилд нийтдээ 30 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Үүнээс түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол зэрэг нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасан байна.

Батлуулж авсан мөнгөөрөө айлуудын галын хайчыг сольж, янданг нь хөөлөх биш олон жилийн судалгаан дээр үндэслэсэн ухаалаг зарцуулалт хийхийг төр засгаасаа хүсье дээ...