Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.11.14 18:28
2156
Улс төрийн "акулууд" хоцролт, таслалтаараа тэргүүлж, төрийн жолоо сулхан явна...

Өнөөдөр УИХ-ын Чуулганы хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд Ж.Алдаржавхлан, Р.Эрдэнэбүрэн, Н.Номтойбаяр, С.Лүндэг нарын 15 гишүүн гурван цаг хүртэлх хугацаанд хоцорч ирцээ бүртгүүлсэн бол ИЗНН-ын дарга Б.Батбаатар, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Х.Баттулга, Х.Болормаа нар тасалжээ.

Х.Баттулгын тухайд УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлж эхэлсэн цагаасаа хойш барагтай бол Чуулганы хуралдаанд бараа сүрээ харуулаагүйгээр барахгүй ганц үг ган хийхгүй яваа тэрээр хоцролт, таслалтаараа тэргүүлж байна. Түүний араас Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр болон улс төрийн тогоонд он удаан жил чанагдаж яваа Ж.Энхбаяр нар удаалж буй.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уг асуудлын хүрээнд хатуухан хэдэн үг дайж, ирцийн мэдээг олон нийтэд мэдээлж байхаар болсон ч улс төрийн акулуудад анхааруулга болж эс чаджээ.

Угтаа бол УИХ-ын гишүүд улсын нийт иргэн, эх орныхоо ашиг сонирхлын төлөө гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглан, төрийн сүлдэндээ мэхийн ёсолсноор бүрэн эрхээ эдэлж эхэлдэг. Тангаргийн үг бүр цаанаа хуулийн нэхэл дагуултай гэдгийг төр түшилцэж буй түшээ бүр санах учиртай!