Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.11.15 15:18
1162
Хэзээ жалганаасаа гарч сэтгэх вэ?

Ирэх оноос 14 мега төслүүдийг хөдөлгөж эхэлнэ. Энэ хүрээнд Богд уулыг нүхэлж туннел гаргах ажил ирэх хавар хийгдэнэ. Тодруулбал, Түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Богдхан уулын хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий 15.3 км автозам, гүүр, гүүрэн байгууламж барих ажлыг судлах ажлыг ерөнхий сайдын батламжаар байгуулсан.

Одоогийн байдлаар Богд уулыг нүхэлж туннел барих олон улсын тендер зарласан байгаа бөгөөд энэ оны сүүлээр урьдчилсан дүгнэлт нь гарах юм.

Харин 14 мега төслийг ач холбогдлоор нь хуваан авч үзэж болох юм. Нийгмийн болон эдийн засгийн, хөрөнгө оруулалтын мега төслүүд...

Харин эдийн засгийн, хөрөнгө оруулалтын шинжтэй мега төслүүдийг нэн даруй явуулах хэрэгтэй гэдгийг эдийн засагчдын зүгээс хэлж байгаа юм. Мөн урд хойд хөршүүдийг хилийн гарцаар хооронд нь холбох, боомтуудыг нээх, эдийн засаг бизнесийг дэмжсэн төслүүдийг явуулах нь зөв юм.

Харин нийгмийн чанартай төслүүд дээр шүүмжлэлтэй хандах төслүүд олон байгаа. Тодруулбал, метро болон Богд уулыг нүхлэх төслүүд юм. Гэвч эдгээр төслүүдийг хэрэгжүүлсэн ч буцаад эдийн засагт үр өгөөжөө өгөхгүй гэдгийг эдийн засагчид хэлж, шүүмжилж байна.

Харин үүний оронд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах шаардлагатай. Ингэхийн тулд дагуул хотуудыг хөгжүүлж, орон нутагт ажлын байрыг олноор нь бий болгож, орон нутаг руу шилжин суурьших иргэдийг бодлогоор дэмжих шаардлагатай. Ингэж байж Улаанбаатар хотдоо л бөөгнөрөөд, шигдээд байгаа асуудлыг бага ч гэсэн шийдэх боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл жалганаасаа гарч сэтгэх л хэрэгтэй. Уулын цаана ахиад уул байгааг харах хэрэгтэй.

Эс бөгөөс өнөө маргаашаа аргацаасан шийдвэрүүдтэй сайд, дарга нартай манайх шиг улс хөгжинө гэдэг бараг л үлгэрийн далай болох биз ээ... Хэзээ бид жалганаасаа гарч сэтгэх вэ?