Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.15 15:51
1347
Ж.Галбадрах: Улсын сургуулиудыг хувийн сургуультай ижил түвшинд хүргэх зорилготой

Энэ удаагийн 126 гишүүнтэй парламентад боловсролын салбарын төлөөлөл болон сонгогдсон Ж.Галбадрахаас боловсролын салбарын чиг хандлагыг тодрууллаа.

-Таны хувьд Боловсролын салбарын төлөөлөл болсон гишүүн.Боловсролын салбарт ямар салхи оруулахаар төлөвлөж байна?

Миний хувьд боловсролын салбарт 39 жил ажилласан, “Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч. Энэ туршлага дээрээ тулгуурлан салбарын хэмжээнд эхний ээлжид 10 ажил хийхээр төлөвлөсөн. Улсын сургуулиудыг хувийн сургуультай ижил сургуулийн орчин, сургалтын арга барилтай болгохыг зорьж байна. Хамгийн түрүүнд сургуулиудын менежментийг хийж байгаа. 91 хувь нь суралцаж байгаа төрийн сургуулиудын орчин нөхцөл ямар байгааг судалж, үр дүнд нь үндэслэн ажиллаж байна.

-Сургуулийн эргэн тойрон дахь асуудлыг ярьж байна. Монгол улсын Засгийн газар ЕБС-уудыг нүхэн жорлонгүй болгоно гэсэн. Гэвч одоог хүртэл зарим сумын сурагчид нүхэн жорлондоо бие зассаар байна шүү дээ.

Би Боловсрол, соёл, ШУ, спортын байнгын хорооны гишүүн. Манай байнгын хороонд хоёр дэд ажлын хэсэг байгуулсан. Нэг нь нүхэн жорлонгийн асуудал дээр хяналт тавьж ажиллаж байгаа. Явц сайн байгаа ч шалгалт хийхэд хангалтгүй зүйлс харагдаж байгаа. Ажлын хэсэг гүйцэтгэл дээр хяналт тавьж ажиллана. Нүхэн жорлон дээр нэмэлт санхүүжилт байгаа бол түүнийгээ сургуулиудын өргөтгөлд төсөвлөх хэрэгтэй гэх санал гаргасан.

-Ирэх оны төсөвт нэг ч улсын сургууль, цэцэрлэг барих мөнгө тусгаагүй. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

Монгол улсын Засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Боловсролын салбарт өнгөрсөн жил 700 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бол энэ онд 500 тэрбумыг төсөж 200 тэрбумаар багассан. Шинээр сургууль цэцэрлэг барихгүй гэдэг дээр би шүүмжлэлтэй хандаж байгаа. 200 тэрбумаар багасгах биш их наядаар нь хөрөнгө оруулж сургууль, цэцэрлэг барих ёстой. Одоо ЕБС-ын сурагчдын эрх зөрчигдөж байгаа. БХБЯ-аас гаргасан тоогоор нэг ангид 30 хүүхэд, нэг сургуульд 1400 байна гэсэн стандартыг гаргасан. Тийм учраас 14 мега төслөөс гадна сургууль, цэцэрлэг барих ажлыг нэг мега төсөл болгож, нэн тэргүүнд эрэмбэлэн шийдвэрлэх хэрэгтэй.

-Таны хувьд Япон улсад сурч, ажиллаж байсан хүний хувьд Япон улсын туршлагаас монголын боловсролын системд нэвтрүүлж байгаа юу?

Өнгөрсөн парламентэд Г.Занданшатар “Япон лугаа хөгжье” гэсэн санал гаргаж байсан. Япон улс өнөөдрийн хөгжилд хүрсэн нууц нь боловсролдоо хөрөнгө оруулсан. Мөн ёс суртахуунтай, зөв хүн бэлтгэхэд маш сайн анхаардаг. Энэ туршлагад үндэслэн 2000 онд “Шинэ Монгол” ахлах сургуулийг байгуулж зөв хүн бэлтгэх зорилго тавьсан.

Манай Монголд хүүхдүүдийг мэдлэгээр дүүргэх ёстой сав мэт хандаж хичээлээр шахдаг. Угтаа бол дүрэлзэж яваа бамбар болгох ёстой. Энэ утгаараа улсын 60 сургуулийн менежментийг сайжруулах зорилгоор ажиллаж байгаа.

Шууд дамжуулалтыг үзэх: