Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслах тогтоолыг баталсан. Ингээд арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх уг тогтоол хэрэгжиж эхэлсэн юм.
Уг асуудал дээр иргэд болон улс төрч, хуульчид тал талын байр суурийг илэрхийлсээр байгаа бөгөөд нэг талаас уг шийдвэр нь хүний эрхийн зөрчил хэмэээн үзэж буй. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нар цахим хуудсаараа мэтгэлзэж буй нь олны анхаарлыг татаад байна.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Хүн нь байхгүй бол асуудал байхгүй гэдэг шиг шинээр машин оруулахаа больчихвол түгжрэхгүй юм байна гэдэг бол тэнэг залхуу, эсвэл авлига ашиг сонирхлын зөрчилтэй хүний л бодол, шийдвэр. Түгжрэлээс бүр салчихсан том хот гэж байхгүй.
Яаж багасгаж зохицуулсан бэ гэхээр жишээ нь, 1. Нийтийн тээврийг төрөлжүүлсэн. 2. Нийтийн тээврийг хүртээмжтэй, тохь тухтай болгосон. 3. Боломжтой улиралд дугуй унах, алхах нөхцлийг бүрдүүлсэн. 4. Хотын төвд үнэгүй зогсоолгүй болгосон. Үнэтэй зогсоолд үнэгүй зогсвол торгууль маш өндөр. 5. Торгуулиа төрөөс авах үйлчилгээтэй нь холбох замаар заавал авч шийтгэж байна. 6. Сургууль, цэцэрлэгийн үйлчилгээг иргэддээ ойртуулсан байна.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: Машин импортлохыг хориглосон, эсвэл өмчлөх эрхэнд халдсан, хязгаарласан ямар нэгэн хууль дүрэм, журам Монгол Улсад байхгүй. Шинээр машин худалдаж авах, өөрийн эзэмшлийн дугаарыг хадгалах, шилжүүлэх бүрэн боломжтой зохицуулалт хийсэн.
Бээжин, Шанхай, Сингапур гэх мэт томоохон хотууд тухайн хотод зорчих нийт авто машины квот тогтоодог болоод 30 жил болж байна. Улаанбаатар хот 80 мянган машины багтаамжтай байхаар анх төлөвлөгдсөн хэдий ч өнөөдөр 800 мянган машинтай болсон.
УИХ-ын гишүүн энэ сэдвээр олон нийтэд мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл тарааж, попорч байгаад харамсаж байна. Хуулиа унш.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: 1. Танай Бээжин, Шанхай, Сингапур машины тоог хязгаарлахын өмнө нийтийн тээвэр, хувийн машин ашиглахгүйгээр хүн хүссэн цэгтээ тээргүй очих нөхцлийг хэрхэн бүрдүүлсэнийг харсан уу? Гудамжаар нь алхаж, нийтийн тээвэрт нь сууж үзсэн үү? Дуураймар аядаж байгаа бол дарааллыг нь зөв тооцож мэдэхгүй бол асууж байгаач очсон газраасаа.
2. Таны санаачилж өмнөх Их хурлаар батлуулсан, авлигыг тувт өөгшүүлэх “Нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулийн 9.1-д “Нийслэлийн тээврийн хэрэгслийн өсөлт, авто замын сүлжээний нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг харгалзан нийслэл хотод олгох ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААРТ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООНО” гэсэн нь шууд бусаар импортыг хориглосон, хүний оршин суугаа нутагтаа тээврийн хэрэгсэл өмчлөх эрхэд халдаж, хязгаарласан заалт, оролдлого биш үү? Биш бол энэ хязгаарлалт чинь түгжрэлд ямар ч сайн нөлөөгүй юм биш үү? Худлаа ярихаа боль! хэмээжээ.
Уг үйл явдлаас дүгнэхэд аль аль талын байр суурь туйлын зөв бас туйлын буруу биш. Нэг талаасаа алдагдсан боломжийн өртгөөрөө 25 орчим их наядад тулаад буй түгжрэлийн асуудлыг шийдэхэд бидэнд улс төрийн зоригтой шийдвэр хэрэгтэй. Эргэж буцсан, аргацаасан шийдвэрүүд өнөөдрийн тэг зогсолтод ч шууд нөлөө үзүүлсээр ирсэн гэдгийг санах ёстой. Харин нөгөө талаасаа аливаа хориг арга хэмжээ авахаасаа урьтаж хүнээ бодсон, иргэндээ ээлтэй нөхцөл байдлыг үүсгэсний дараа шийдвэрээ хэрэгжүүлэхгүй бол хүний эрхийн зөрчил болж буй гэдэг нь ч огт оргүй зүйл биш юм.
Товчхондоо еэвэнгийн хоёр тал шиг л гэсэн үг...