57-р цэцэрлэгийн багш хүүхдүүд зодож буй бичлэг цахим орчинд байршсан. Уг асуудлын хүрээнд тус цэцэрлэгийн эрхлэгчээс тодрууллаа.
57-р цэцэрлэгийн эрхлэгч: Тухайн хүүхэд зодсон асуудал өнгөрсөн баасан гараг буюу 11-р сарын 15-ны өдөр болсон. Эцэг эхчүүдээс гомдол гаргаснаар бид цэцэрлэгийнхээ камерыг шалгаж үзээд энэ хэргийг илрүүлсэн.
Хүүхэд зодсон багшийн тухайд нийслэлийн боловсролын газрын багшийн туслахаар ажиллах сертификаттай, 15 жил ажилласан туршлагатай хүн. Манайд наймдугаар сард туслах багшаар ажилд орсон. Ажилд авахдаа бид хариуцлагатай ажиллаж чадах хүн гэж бодсон ч өнөөдөр ийм том асуудал үүсээд байна. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд өчигдөр манай цэцэрлэг дээр цагдаа нар ирж бичлэгийг аваад, эцэг эхчүүдээс нэг бүрчлэн мэдүүлэг аваад явсан.
Манай цэцэрлэгийн 60 жилийн түүхэнд маань ийм хар бараан зүйл гарч байгаагүй ч ганц ёс зүйгүй багшаас болж олон хүүхэд хохироосон, цэцэрлэгийн нэр хүнд унагаасан үйл явдал боллоо. Одоо мэргэжлийн сэтгэл зүйчид авч ирж хүүхдүүдтэйгээ уулзуулах ажлыг хийхээр төлөвлөж байна. Миний хувьд 12 жил энэ цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна. Манай хамт олны сэтгэл зүй ч хүнд байна гэлээ.
Харин цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Тухайн хэрэг бүртгэгдсэн, хүүхэд зодсон цэцэрлэгийн багш хэргээ хүлээсэн бөгөөд шалгалтын ажил үргэлжилж байна. Хохирогч хүүхэд 4 нас 9 сартай” гэв.