Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2024.11.20 10:04
750
Украин анх удаа алсын тусгалтай пуужингаар довтоллоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр нэгэн бичиг баримтад гарын үсэг зурж баталгаажуулав. Оросын эсрэг пуужингаар довтолсон тохиолдолд цөмийн зэвсгээр хариу цохилт өгөхийг зөвшөөрсөн журмыг идэвхжүүлжээ. Энэхүү шинэ журмыг есдүгээр сард бэлэн болгосон байсан ба АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден алсын тусгалтай пуужингаа Украинд хэрэглүүлэх зөвшөөрөл өгсний дараа Кремлийн тэргүүн ийнхүү гарын үсэг зурж баталгаажууллаа. Оросын цөмийн зэвсэг нь эцсийн арга зам гэж дээрх номлолд заасан байдаг ч одооноос эхлэн Орос улсад аюул занал учирлаа гэж үзвэл цөмийн зэвсэг хэрэглэх боломжийг нээж өгч байна. ОХУ-ын бүрэн эрхт байдалд аюул учирлаа гэж үзвэл цөмийн зэвсэггүй улсыг ч цөмийн зэвсгээр довтлох тухай энэ номлолд онцгойлон тусгаж өгсөн байдаг аж. Украин улс АНУ-аас нийлүүлсэн алсын тусгалтай пуужингаар Оросын газар нутаг руу анх удаа довтоллоо хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэв. Орос руу Atacms (Army Tactical Missile System) пуужин харвасныг АНУ-ын албаны эх сурвалж баталжээ. Харин Украин хараахан тайлбар хийгээгүй байна. Пуужингийн довтолгоо Брянскийн цэргийн байгууламжийг чиглэсэн байв. Таван пуужинг замд нь унагаж, нэг пуужин байндаа хүрч Оросын цэргийн байгууламжид гал гарчээ.