“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт УИХ-ын хяналтын сонсгол өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Өнөөдрийн хяналтын сонсголд ажиглагчаар оролцохоор хүсэлтээ ирүүлсэн 2 иргэн, төрийн байгууллагын 37 төлөөлөл оролцож байгаа бол төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөллөөр оролцохоор бүртгүүлсэн 75 оролцогчийн 46 нь, 122 оролцогчийн 85 нь хүрэлцэн ирсэн гэдгийг хяналтын сонсголыг даргалагч, УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцуулав.
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой асуудлаар зохион байгуулагдаж буй тус хяналтын сонсголд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Б.Энхболд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нар оролцож байна.
Хяналтын сонсголын эхэнд Комиссын дарга Д.Сүнжид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дүгнэлтийг танилцууллаа.
ХЭҮК нь хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн асуудлыг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 5, 13, 14, 15, 16, 17, 18, 22, 23 дахь илтгэлд тусгаж, УИХ-ын болон Хууль зүйн байнгын хорооны 7 тогтоол баталсан.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан 2023 онд УИХ-ын 35 дугаар тогтоолыг баталж, “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулах асуудлыг судлан танилцуулах” үүргийг Засгийн газарт даалгасан боловч өнөөдрийг хүртэл тодорхой санал гараагүй гэдгийг цохон тэмдэглэлээ.
Комиссоос хийсэн судалгаанаас үзэхэд, 2016-2023 оны хооронд эрүү шүүлт тулгах 14 гэмт хэргийг гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн. Энэ нь жилд дунджаар 2 гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэдэг гэсэн үзүүлэлт бөгөөд Комисс болон хууль хяналтын байгууллагын зүгээс хүлээн авч шалгасан эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлтэй харьцуулахад маш бага хувийг эзэлж байгаа юм.
Шүүхээс 30 хүнд холбогдох 14 хэргийг хянан шийдвэрлэсэн. Эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт цагдаагийн байгууллагын 21, тагнуулын байгууллагын 5, Авлигатай тэмцэх газрын-2, прокурор-1, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын-1 албан хаагчид тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн ба үүнээс 20 хүнд торгох ял, 6 хүнд хорих ял оногдуулж, 1 хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 3 хүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
ХЭҮК-т ирсэн гомдол мэдээллийн агуулгаас үзэхэд, эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаж байгаа үйлдлийн 24 нь мэдүүлэг авах үед хоол унд өгөхгүйгээр, тодорхойгүй байдлаар удаан хугацаанд байлгасан. Харин 23 нь цагдан хорино, гэр бүлийн хүмүүсийг нь хорино гэх зэргээр айлган сүрдүүлсэн, 13 нь элдэв хараалын үгээр хэлсэн, 37 нь бие махбодод халдсан, 4 нь бага насны хүүхдийн дэргэд чанга дуугаар орилж айлган сүрдүүлсэн гэж гомдолд дурдсан байна.
Улмаар Комиссоос эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх, хүний эрхэд суурилсан мөрдөн шалгах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, алба хаагчдын хүний эрхийн боловсролыг дэмжих зорилгоор зохион байгуулсан сургалт, нөлөөллийн талаарх мэдээлэл өглөө.
Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгахад хамгийн үр дүнтэй арга нь хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, тэр дундаа шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хууль хэрэглээний нэгдмэл ойлголттой болох нь чухал.
Тиймээс ХЭҮК нь 2020-2024 онд 87 удаагийн 1520 цагийн сургалт, 26 удаагийн хэлэлцүүлгийг нийслэл болон 21 аймгийн шүүх, прокурор, цагдаа, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, эрүүл мэндийн байгууллага, хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагын 6000 гаруй алба хаагч, хуульчдад сургалт зохион байгуулсан.
Мөн хугацаанд хорих ангийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүний эрх чөлөөг хязгаарладаг бүхий нийт 139 байгууллагад хяналт шалгалт хийж эрүү шүүлтээс ангид байх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, сурч боловсрох, албадан хөдөлмөрөөс ангид байх, халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангах талаар Комиссын гишүүний 11 шаардлага, Комиссын гишүүний 18 зөвлөмжийг тус тус хүргүүлж, дээрх байгууллагын 140 орчим сургагч багшийг бэлтгэж сургалтын үйл ажиллагаа явуулсан.
Монголын хуульчдын холбооны сургалтын агуулгад “Хүний халдашгүй чөлөөтэй байх эрх”, “Шүүхийн практикт олон улсын гэрээг хэрэглэх” хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлж, 260 орчим хуульчдад сургалт явуулсан гэлээ.
Улмаар уг асуудал, ХЭҮК-ын дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлсэн Комиссын саналыг танилцууллаа. Тус саналд:
Үргэлжлүүлэн эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаарх Улсын ерөнхий прокурор, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам зэрэг төрийн холбогдох байгууллагын мэдээлэл болон оролцогчдын саналыг сонсож байна.