Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.20 16:50
360
Эмгэнэл: Жилд 160 эмэгтэй нас барж 160 гэр бүл өнчирч байна

Эмгэнэл...

Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөр Дэлхийн 185 орноос 45-т орж байна. Нас баралтаар 185 орноос 1-т орж байна. Умайн хүзүүний хорт хавдраар Дэлхийн 185 орноос 53-т орж байгаа бол нас баралтаар Дэлхийн дунджаас 1,3 дахин, Азийн дунджаас 2 дахин өндөр байна.

Умайн хүзүүний хорт хавдраар 2023 онд 425 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өдөр бүр нэг эмэгтэй тус хавдраар оношлогдож байна гэсэн үг.

Улмаар жилд дунджаар 160 эмэгтэй нас барж 160 гэр бүл өнчирч байна.

Үүний эсрэг Монгол Улс вакцинжуулалтад урьдчилан хамруулахаар болов. Манай Улсын заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолд Хүний “Папиллома” вирусийн эсрэг вакцин юм.

Гэвч аливаа шийдвэрийн өмнө буруу ташаа мэдээллээс болж олон нийтийн эсэргүүцэлд тулгардаг. Үүнээс болж бид урьдчилан сэргийлж болох өвчлөлийн өмнө сөхөрч байна.

Үүний нэг тод жишээ бол өчигдөр Бадарч Бямбадулам гэх хаягтай иргэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүүхэд чинь үхнэ, үргүй болно гэх мэтээр төөрөгдөл үүсгэж байгаа нь харамсалтай бөгөөд нийтийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гэж хэлж болохоор байдлыг бий болгосон.

Нөгөөтэйгүүр Манай Улс аливаа шийдвэрээсээ урьтаж иргэд, олон нийтээ бүрэн дүүрэн мэдээллээр хангадаггүйн хор уршиг гарсаар байна.

Угтаа тус вакцин нь Дэлхийн 150 гаруй улс дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлээд, ДЭМБ-ын гэрчилгээтэй, НҮБ-ын хяналт дор хийгдэж буй вакцин юм.