Өчигдөр л гэхэд дөрөвхөн настай бяцхан хүүг туслах багш нь хүний нүд халтирмаар зодож байгаа бичлэг цахим орчинд тарсан. Тус асуудлын талаар 57-р цэцэрлэгийн эрхлэгчээс тодруулахад, Туслах багш н.Нарангэрэл нь 46 настай, 57-р цэцэрлэгт ажиллаад 2 сар болж байгаа, өмнө нь “азийн хүүхдүүд” цэцэрлэгт туслах багшаар 15 жил ажилласан нэгэн гэсэн юм.
Гэхдээ тэрээр өмнө нь 15 жил туслах багшаар ажиллахдаа яслийн бүлгийн багшаар ажиллаж байжээ. Гэвч яслийн бүлгийн хүүхдүүд хэлд ороогүй дөнгөж л 2 нас хүрж яваа нялхас байдаг. Харин энэ удаа хүүхэд зодсон багш 4 настай хүүхдийн ангид ажиллаж байсан. Тухайн зодуулсан хүүхэд аав ээждээ багш зодсон гэдгийг хэлснээр эрхлэгч нь камер шүүн туслах багш нь зодож байгаа бичлэгийг илрүүлсэн аж.
Үүнээс юуг хэлэх гэсэн бэ гэхээр тухайн багш яслийн бүлэгт 15 жилийн хугацаанд ажиллаж байхдаа хэлд ч ороогүй хүүхдүүдийг зодож байсан байж болзошгүй байгаа юм.
Гэхдээ хүүхэд зодсон багш нарт хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөх болоход хүний нөөцийн хомсдолоос болж, цалин хасах гэх мэт хүн хуурсан арга хэмжээ аваад л өнгөрдөг. Гэвч ингэж арга хэмжээ аваад өнгөрсөн ч хүүхэд зодсон багш засардаггүй. Ил зоддог байсан бол дараа нь аль нэг камергүй булан тохойд аваачин зоддог байна.
Тиймээс хүний нөөц гэх мэтээр шалтаглалгүй, хүүхдийн эрхийг хамгаалж энэ мэт хүүхэд зодож, тамлан зовоодог багш нэртэнгүүдэд хатуухан арга хэмжээ авдаг болох шаардлагатай. Ингэж байж цаашид хүүхэд зодсон гэх асуудлыг бага ч болов цэгцэлж чадах мэт. Мөн багшийг ажилд авахдаа сэтгэцийг нь ч шалгах шаардлага ч үүсэж байна.
Багшийн хомсдол үүссэний горыг хүүхдүүд зодуураар төлөх ёсгүй.
Тиймээс боловсон хүчнээ бэлдэж чадаагүй, боловсролын салбараа хөгжүүлж чадаагүй, багш нарынхаа цалинг ч олигтой нэмээд өгөх чадалгүй төр хариуцлагаа хүлээх хэрэгтэй.