Цэргийн төв эмнэлэгт ДОХ-ын халдвартай иргэн хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. Гэвч тус иргэн өөрийгөө ДОХ-ын халдвартай гэдгээ хэлээгүй, тус эмнэлгээс цусны ерөнхий шинжилгээ авсан ч ДОХ-ын шинжилгээ аваагүй байна. Үүний улмаас бөөрний диализын аппаратад орсон иргэд ДОХ-ын халдвар авсан байж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.
Хэргийн талаар тодруулбал, ДОХ-ын халдвартай талийгаач цэргийн төв эмнэлэгт 10-р сарын 5-ны өдөр түргэнээр хүргэгдэн 10 хоног хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.
Гэвч тус хэрэг 10-р сард гарсан ч өнөөдрийг хүртэл яг хэдэн хүн халдвар авсан байж болзошгүй, аппаратад орсон иргэдийн тоон мэдээлэл нь тодорхойгүй байна.
Дээрх асуудлын талаар ХӨСҮТ-өөс тодруулахад ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга нь ажлаасаа чөлөөлөгдсөн учир энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Эхний ээлжид иргэдэд ДОХ-ын халдвар тарсан уу үгүй ву гэдгийг тогтооно. Тэгж байж хаана, аль шатандаа хариуцлага алдсан гэдгийг нь тогтоож, үүний дараа ямар хариуцлага тооцох тухай яригдана" гэлээ.
Гэвч хэн нэгэн буруутай этгээдийг тогтоолоо ч үхэлд хүргэх аюулт өвчин эдгэхгүй. Эмнэлгийн байгууллагын хариуцлагагүй ажилласны балаг олон хүний амьдралыг самрах дээрээ туллаа.
Цэргийн төв эмнэлэгт гурван ширхэг диализын аппарат байдаг. Гэвч үүний 2 нь ажиллахгүй байгаа тул 1 аппаратаараа бүх өвчтөнүүдэд эмчилгээ үйлчилгээ хийж байгаа аж. Тэгэхээр өвчтөнүүд халдвар авсан байж болзошгүй өндөр эрсдэлд орсон байна.
Гэвч одоог хүртэл цэргийн төв эмнэлгээс албан ёсны тайлбар мэдээлэл хийгээгүй байна. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
Шууд дамжуулалт: