Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.11.22 15:02
3729
Ашиг сонирхлын төлөөх хууль бус томилгоонууд чинь хэрээс хэтэрлээ сайд аа!

Эрүүл мэндийн салбарын хууль бус, тохиролцооны томилгоонууд хэрээс хэтэрч байна. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ажлаа аваад хэдхэн сарын нүүр үзэж байгаа хэдий ч арай хийж амин голоо авч яваа эмнэлгүүдийг бужигнуулан эмнэлгийн удирдлагуудыг халж солив. 

Өнөөдөр л гэхэд ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Алтантуяаг халж өөрийн хүнээ томилж, ажлаас чөлөөлөх тушаалыг нь танилцуулжээ. 

Мөн халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлыг халж оронд нь 2-р эмнэлгийн Стратеги төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Анхбаярыг томилсон байна.

Үүнээс өмнө 1-р эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргалыг халж түүний оронд ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэнг томилж СЭМҮТ-ийн захирал В.Баярмааг халж оронд Г.Анхболдыг томилжээ. Угтаа нэгдүгээр эмнэлэг төлөөлөн удирдах зөвлөлтэй атал энэ мэт шууд томилгоо хийж буй нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. 

Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянгыг халж түүний оронд н.Ганзориг, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын үүрэг гүйцэтгэгч Ш.Энхтуяагийн оронд н.Алтанцэцэгийг тус тус томилсон байна.  Ингэхдээ эрүүл мэндийн байгууллагуудын удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулалт зарласны үндсэн дээр томилно гэсэн хуулийг зөрчжээ. Эрүүл мэндийн салбар гэдэг хэн нэгний ашиг сонирхлоор халаа сэлгээ хийдэг тоглоомын талбар биш. 

Гэтэл ажлаа хүлээж авснаасаа хойш нийтдээ 7 эмнэлгийн 7 даргыг сольж халаа, сэлгээ хийжээ. Эмнэлгийн захирлыг томилдог уу, сонгон шалгаруулдаг уу? гэдэг асуултад хариулт өгнө үү? Эрүүл мэндийн сайд аа?