Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2024.11.25 10:33
1058
Брюс Ли чухам ямар шалтгаанаар амьсгал хураасан бэ?

-Ердийн ундны ус түүнийг хөнөөжээ. Яаж ийм юм болов?

Приссилла Вильявалсо тэргүүтэй Мадридын автономит их сургуулийн эрдэмтэд домогт жүжигчин, гардан тулааны их мастер Брюс Ли 32 насандаа учир битүүлгээр амиа алдсан жинхэнэ шалтгааныг тайлжээ. Өвчин намдаах эмнээс харшилж үхэлд хүргээгүй, харин ердийн ундны уснаас болсон хэмээн тэд үзэж байна. Испани эрдэмтэд юун дээр үндэслэж ийм дүгнэлт хийв? Брюс Лийн үхлийн албан ёсны шалтгаан юу байсан бэ?

Өнгөрсөн 51 жилийн хугацаанд үхлийн тодорхой шалтгааныг нэрлээгүй. Харин харшил, хятадын мафи өш хонзон авахдаа мэдрэлийг нь муутгаж татвалзуулж муужруулсан зэрэг янз бүрийн таамаг дэвшүүлж байсан. Нэг зүйл тодорхой байдаг нь 1973 долдугаар сарын 20-нд Брюс Ли жүжигчин Бетти Тин Пэйн гэрт байхад толгой нь эргэж, өвдөж эхэлсэн тул марихуан хэрэглэж, дараа нь өвчин намдаах хүчтэй эм уугаад унтлагын өрөө рүү амрахаар явжээ. Хоёр цагийн дараа Тин Пэй өрөөнд нь ороход тэрээр ухаангүй хэвтэж байсан аж. Яаралтай дуудлагаар ирсэн эмч нар түүнийг хамгийн ойрын эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй юм. Өвчин намдаах хүчтэй эмийн улмаас тархи нь хавагнаж үхэлд хүргэсэн хэмээн дүгнэлт гарсан. Шинжээчдийн үзлэгээр, түүний гавлын аяганаас 200 миллитр илүү шингэн гарчээ. 2018 онд Америкийн зохиолч Матью Полли “Брюс Ли. Би хэзээ ч бууж өгөхгүй” номдоо халууны цохилтын улмаас амиа алдсан байж магадгүй хэмээн бичсэн юм. Эмгэнэлт явдлаас хэдэн сарын өмнө Брюс Ли суганы булчирхайгаа авахуулснаар бие нь хурдан халж, зүрхэнд ихээхэн ачаалал өгдөг болсон байв. Мэдээж энэ хувилбарыг нотлох зүйл гарч ирээгүй билээ. Харин Испанийн эрдэмтэд домогт жүжигчнийг бөөрний дутагдлаар нас барсан хэмээн үзжээ.

Бөөр нь муудаж хангалттай шингэн ялгаруулж чадахаа байж биеийн ус, давсны тэнцвэрт байдал алдагдсан. Улмаар уусан шингэн нь шээс болж гарахаас өмнө цусан дахь натри ионыг өтгөрүүлж хэдэн цагийн турш тархи хавагнаснаар үхэлд хүрсэн гэжээ.