m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2024.11.25 17:50
1159
Иргэд: Шахмал түлшний орц, найрлага өөрчлөгдсөн байж болзошгүй

Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрээд буйтай холбогдуулан манай редакциас  “АМЬСГАЛМААР байна" уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна. Идэр 9-ийн хүйтэн эхлээгүй ч  хүйтний эрч өдрөөс өдөрт нэмэгдэж, түлшний эрэлт хэрэгцээ тэр хэрээр өсөж буй.  Тэгвэл гэр хороолол дахь иргэдээс түлштэй холбоотой асуудлуудыг тодруулж, ярилцахаар манай сурвалжлах баг Дарь-Эхийг зорьсон юм.

Борлуулагч Х:  “Дарь эх хавийн түлш борлуулах цэгүүдэд өдөрт 10 тн нүүрс хүлээж авдаг.  Нэг өрхөд 7 шуудай нүүрс байхаар тооцоолж худалдаанд гаргаж байна, зарим иргэн өдөр бүр ирж авалгүй 7-14 хоногийн хэрэглээгээ нэг дор хүргүүлж авч байгаа бол зарим иргэн өдөр өдрөөр авдаг. Түлшийг их хэмжээгээр нөөцлөлгүй өдөр тутмын хэрэглээндээ тааруулан авсан ч нөөцийн хомсдол үүсэхгүй” гэлээ. 

Иргэн Н:  Анх шахмал түлш түлж байхад жигд гадаргуутай жижигхэн хэлбэртэй байсан. Зааврын дагуу түлэх үед асуудал гарахгүй үнэртдэггүй тортог, үнс бага гарч байсан.

Иргэн У: 2019 оноос хойш 2023 он хүртэл шахмал түлш түлсэн. Сүүлийн жил түлшний үнэр толгой өвтгөж угаарын төхөөрөмж ойр ойрхон дугараад байсан учир угаартахаас болгоомжилж цахилгаан зуухаар сольсон. Одоо бол угаар, тортоггүй амьдарч байгаа. Түлш цахилгаан төлбөр адилхан гардаг. Цахилгаан зуух нь илүү санагдсан.

Иргэн Ц:  Гэр хороололд түлшээ байнга авах боломжгүй айлууд мэр сэр ажиглагддаг. Тэдгээр цөөн тооны өрхүүд хувцас шатаах, дугуйны хаягдал түлэх үед өөр үнэр үнэртэх нь ойр орчимд хэвийн үзэгдэл болсон.

Иргэн О: Түлшний гадарга болон хэмжээ өөрчлөгдсөн нь орц найрлагатай хамааралтай юм болов уу гэж боддог. Өмнө нь түлж байхад одоогийнх шиг унь, хананд тортог үүсдэггүй байсан. Мөн гэрт угаар үнэртэж толгой өвддөг болсон. Толгой өвдөх үед заавал эм ууж намдаадаг. Ханиадны эдгэрэл маш удаан явагддаг нь түлшнээс болж байгаа гэж бодож байгаа.

Иргэн Л:  Одоо түлж байгаа түлшний бараг тавин хувь нь үнс болж үлдээд байна. Шуудай нүүрсний үнэ нэмэгдээгүй ч өмнөхөөс өөрчлөгдсөн нь их үнс гарч үнсээ авах үед нарийн тоосонцор маш их хэмжээгээр бужигнаж байгаа нь хэцүү байдаг гэж тус тус ярилаа.

Одоогийн байдлаар шахмал түлшний нийлүүлэлт хэвийн, нөөц тасалдах эрсдэлгүй байгаа хэдий ч түлшний бүтэц, хэмжээ, шатах процесс өөрчлөгдсөнөөс толгой өвдөх, ханиад удаан эдгэрэх, бага зэргийн угаартах мэдрэмж төрүүлэхээс гадна үнс хог тортог их байгааг хэлж байна.

Холбогдох албаныхны зүгээс тодруулахад ямар нэг байдлаар түлшинд өөрчлөлт ороогүй гэж буй. Тэгвэл анх шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх үед Улаанбаатарын хэмжээнд утаа мэдэгдэхүйц буурсан ч сүүлийн хоёр жил эргээд нэмэгдээд зогсохгүй, хүхэрийн үнэртэй байгаа гэх мэт асуудлууд гарсаар буй.

Энэ хүрээнд УИХ-аас шахмал түлш нийлүүлж буй Тавантолгой түлш компанийг шалгах ажлын хэсэг байгуулж, түлшний найрлага өөрчлөгдсөн эсэх, технологийн алдаа гарсан байж болзошгүй зэрэг асуудлуудыг шалгаж эхэлсэн байна. 

Б.АМИРЛАН