Эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой “Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөр өнөөдөр (2024.12.07) Төрийн ордонд эхэллээ.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар “Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр”-ийн төслийг нийгмийн олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, санал бодлыг нь тусгах чиг үүрэг бүхий ажлын хэсгээс санаачлан Хүний эрхийн Үндэсний Комисс, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй хөтөлбөрт их, дээд сургуулийн 100 гаруй оюутан, залуус хамрагдаж байна.
Сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг нээж УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэболд, 2024-2028 оны парламент иргэн бүр эрхээ хамгийн сайнаар эдлэх боломжийг бүрдүүлэхийн тулд бодлого, стратегийн цөмийг “хүн төв”-тэй байхаар тодорхойлсон, үүнд иргэдийн оролцоо ихээхэн чухал гэдгийг онцлов.
Түүнчлэн хүн бүр хүний эрхийн мэдрэмжтэй хандлагыг түгээж, оюутан, залуус оролцоогоороо нийгмийг давалгаалж чадвал бүх шатны шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх боломжтой гэв.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Монгол Улс үндэсний хууль тогтоомж болон нэгдэн орсон олон улсын гэрээгээр иргэдийнхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулсан хэмээн оролцогчдод танилцууллаа.
Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд хоёр өдрийн багц хичээлээр онол, арга зүй, танин мэдэхүйн мэдлэг эзэмшихийн зэрэгцээ “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр”-ийн төсөлд саналаа тусгуулж, зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцана. Сургалт үргэлжилж байна.