Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.12.09 16:26
1516
Г.Ерөөлбат: Улсаа өнгөлж яваа хэдхэн тамирчныхаа эрх ашгийг бодооч гэж хүсье

Ирэх оны төсөвт Спортын үндэсний шигшээ багийн тамирчдын зардлыг 75 хувиар танасан асуудлаар МУГТ, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ нарын тамирчид мэдээлэл хийлээ. 

МУГТ, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ: "Миний хувьд энэ жил 6 тэмцээнд оролцох ёстой ч төсвийн таналтаас үүдэн нэг л тэмцээнд орох боломжтой болсон. Олимпын жилд маш өндөр төсөв тавиад бусад жилд нь бага мөнгө төсөвлөдөг. Үүнийгээ болиод жил бүр жигд төсөвтэй болмоор байна. Олимпод оролцох эрхээ авахын тулд бид олон тэмцээнд оролцох шаардлагатай. Тийм учраас Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд анхааралдаа аваач гэж хүсч байна"

МУГТ Г.Болор-Эрдэнэ: "2025 оны төсөвт Шигшээ багийн зардлыг 75 хувь тансанаар тамирчид улсынхаа нэрийг өндөрт гаргах боломжгүй болж байна. Олон улсын тэмцээнд олон бүрэлдэхүүнтэй оролцохын тулд оноогоо цуглуулж, гурван жилд өндөр бэлтгэлтэй байдаг. Энэ төсвөө танавал бид Парис-2024 паралимпын наадамд гаргасан амжилтаа ахиулж чадахгүй" гэв. 

Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат: "Монголын шигшээ багийн тамирчдын зардлыг 75 дахин бууруулж байгааг эсэргүүцэж байна. Тамирчдын цалин 1 сая 200 мянган төгрөг байдаг. Үүнээс нийгмийн даатгал, шимтгэлээ хасаад гар дээр 800-900 мянган төгрөг авдаг. 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд аймаг, сум бүрд спортын арга зүйчтэй болж байгаа. Үүний зардал ч мөн адил одоо танагдаж байгаа энэ төсөвт шингэсэн. Монгол улсын шигшээ багт 330 тамирчин бий. Энэ төсвөөр харвал тамирчдын 75 хувийг хасах шаардлагатай болж байна. 

Нэг тамирчин 450-550 мянган төгрөгийн хоол идэж байж илчлэг, тэжээлээ авдаг. Үүн дээр эм тариа, уураг, витаминжилт нэмэгдэнэ. Улсаа өнгөлж яваа хэдхэн тамирчныхаа эрх ашгийг бодооч гэж хүсье" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: