Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.01.03 11:15
1888
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдэг ХОШИН ШОГ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж нэг сая жуулчин хүлээн авах, салбарын орлогыг нэг тэрбум 200 сая ам.доллар буюу ДНБ-ий 11.5 хувьд хүргэх томоохон зорилтыг тавьсан.

Гэвч утаатай, түгжрэлтэй Улаанбаатарыг зорих биш дөрвөх иргэд олширсоор...

Утааны улиралд хүүхдүүдээ цэвэр агаар, стрессгүй газар байлгахаар Вьетнам, Тайланд зэрэг дулаан орныг зорих нь ихэссэн. Тэнд өргөн хэрэглээний бараа ч, өртөг үнэ нь ч тэр манай улсаас хямд бөгөөд өргөн сонголттой. Үүнийг дагасан эдийн засгийн урсгал Монгол руу бус гадагшаа урсаж байна. Тиймдээ ч аялал жуулчлалаар дамжуулан эдийн засгийн эргэлтээ сэргээх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого хошин шог болов.

Арга ч үгүй биз дээ. Хоолой хорсож, толгой өвдөх сааралтсан утаан дундаас жуулчид юу үзэж, нүд баясах билээ.

Өнгөрсөн аравдугаар сард Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргаж, 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг аж ахуй нэгжүүдэд уриалсан. Иргэд нь туйлдаж, эх орноосоо зугтаж байхад гадаадын жуулчид манай улсыг зорих ямар шалтгаан байна вэ?